logo
Хойд Солонгост үерийн дараах нөхцөл байдал хүнд байна

Хойд Солонгост үерийн дараах нөхцөл байдал хүнд байна

2012/08/07
Хойд Солонгост зургадугаар сарын сүүлээр болон долдугаар сард орсон ширүүн бороо, үерийн улмаас 169 хүн амь үрэгдэж, нийтдээ 210.000 гаруй хүн орон гэргүй болсон талаар энэ улсын төрийн мэдлийн телевизээр мэдээлжээ. Мөн 400 гаруй хүн сураггүй болсон байна. Үерийн дараа 160.000н гектар талбай усанд автаж, 8.600 гаруй байшин барилга эвдэрч сүйджээ.
Швейцарьт болсон хуралд оролцсон НҮБ-ын албаны хүмүүс Умард Солонгосын иргэд үерээс болж өлсгөлөн нэрвэгдэж, өвчний халдвар газар авч магадгүй гэдгийг анхааруулжээ. Олон улсын хүүхдийн сангийн төлөөлөгч Патрик Маккормик мэдэгдэхдээ "Худгууд үерийн усаар бохирдсон, бохир ус хэрэглэж байгаа хүүхдүүдийн талаар бид санаа зовж байна, хүмүүс бохир уснаас болж өвчилж байна" гэжээ.
Өнгөрөгч сард НҮБ-аас гаргасан тайланд дурдсанаар Хойд Солонгосын 24 сая хүн амын гуравны хоёр нь хоол хүнсний гачигдалтай амьдарч байгаа ажээ.
Умардын удирдлагууд хүнсний тусламж яаралтай олгохыг хүссэн талаар НҮБ-аас мэдээлсэн байна. НҮБ-ын төлөөлөгчид  үер болсон нутгуудад очиж нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа яаралтай тусламж олгох шаардлагатай байгааг онцлон мэдэгджээ.
НҮБ-ээс мэдээлснээр Хойд Солонгосын Анжу хот болон Өмнөд Пхёнан мужийн Сончон, Канвондо мужийн Чоннае зэрэг газрууд үерт хамгийн ихээр өртжээ. Эдгээр газруудад амьдардаг иргэдэд хоол хүнс, цэвэр ус шаардлагатай байгаа юм байна. Умардын удирдлагууд ард түмнээ тэжээхэд хүрэлцэхүйц хүнсийг дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй учраас гаднаас тусламж хүсдэг. Энэ улсад 1990-ээд оны дундуур болсон өлсгөлөнгийн улмаас олон зуун мянган хүн амиа алдсан гэж үздэг байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш