logo
Н.Энхбаярт ял оноосон, Ц.Шинэбаярыг шалгаж байгаа асуудлаар АН-ын байр суурийг сонсохыг хүслээ

Н.Энхбаярт ял оноосон, Ц.Шинэбаярыг шалгаж байгаа асуудлаар АН-ын байр суурийг сонсохыг хүслээ

2012/08/07
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жил хорих ял оноосон үйлдлийг улс төрийн зорилготой, зориуд санаатайгаар хилс хэрэг үүсгэж, улс төрийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн хууль бус явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын зургааны өдөр Төрийн ордонд хэвлэлийн байга хурал хийлээ.
Тэрбээр бас улс төр тогтворгүй байгаа энэ үед улс орны үндэсний аюулгүй байдалд санаа тавих ёстой Тагнуулын Ерөнхий Газрынхан Ц.Шинэбаяр гишүүний салаавч гаргасны араас хөөцөлдөж байгаад сэтгэл эмзэглэж байна. Тэр салаавчийн объектив болон субъектив тал, хор хохирол нь юу вэ? хэмээн шүүмжлээд ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнээр даргалуулсан шүүх хараат бус байдлаа хадгалж чадалгүй ийм шийдвэр гаргачихав уу гэдэг нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэг сэдэв байж болохыг сэтгүүлчдэд сануулж, энэ хүн хэр чадал, чадвартай шүүгч болох, хэзээ, хаана ямар сургууль төгсөөд хэрхэн ажиллаж ирсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэн гэдэг шүүгчтэй хэрхэн ажиллаж байсан талаар судалгаа хийхийг хүслээ.
О.Баасанхүү гишүүн “Н.Энхбаярт гэмт хэрэг зохион байгуулсан гэж дөрвөн жил хорих ял оноосон нь хуулийн хэлээр бол гэмт хэргийн гүйцэтгэлийг ирээдүй цагт тогтоосон хэрэг, ирээдүйд хийх хэргийн төлөө ийнхүү ял оноосонд харамсаж байна” гээд “үйлдэл нь тогтоогдоогүй байхад улс төрийн шахалтаар ийм ял оноов уу гэсэн хардлага төрүүлж байна” гэсэн бодолтой байгаагаа мэдэгдэв.
“Аливаа улс төрөөр хэлэлцэгдсэн үйл ажиллагаанд аль ч нам, ялангуяа Ардчилсан нам байр сууриа илэрхийлэх болов уу гэж найдаж байна” гэж тэрээр хэлээд “Төрийн тогтвортой байдал л бидэнд чухал. Монгол Улсын нэр төр олон улсын хэмжээнд хадгалагдах ёстой” гэсэн үгээр хэвлэлийн хурлаа өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш