logo
Солонгосын аж үйлдвэрийн салбарт 4900 монгол ажиллана

Солонгосын аж үйлдвэрийн салбарт 4900 монгол ажиллана

2012/08/07
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтыг Улаанбаатар хотод авах болсон тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсээс мэдээллээ.
    Шалгалтыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн  яам хоорондын "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай" харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд явуулж байгаа юм.
    Хэлний түвшин тогтоох шалгалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд хоёр ээлжээр зохион байгуулахаар болжээ. Харин шалгалт авах газрыг  бүртгүүлэгч тус бүрээр наймдугаар сарын 20-нд ХХҮГ болон Хөдөлмөрийн төв биржийн вэбсайтаар дамжуулан нийтэд зарлан мэдээлэх юм байна. Тухайн иргэн шалгалтанд орохдоо, шалгалтанд орох хуудас, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн ирэх ёстой гэнэ.
    Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх бөгөөд 80-аас дээш оноо авсан иргэдээс хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, эхний 4900 шалгуулагчийг тэнцүүлэх юм. Тэдгээр хүмүүс аж үйлдвэрийн салбарт ажиллах аж. Шалгалтын дүнг ирэх есдүгээр сарын 7-нд зарлах ба тэнцэгчдийн онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласнаас хойш хоёр жил байх юм.
Г.Уран
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш