logo
“Мэдээллийн технологийн яамтай болох нь зөв”

“Мэдээллийн технологийн яамтай болох нь зөв”

2012/08/07
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийгмийн хөгжлийн захиалгаар 1940 онд анх Холбооны яам байгуулагдаж байв. Улмаар ХХ зууны техникийн хөгжлийн дагуу мэдээлэл холбооны олон үйлчилгээтэй салбар үндэсний хэмжээнд бий болон хөгжсөн бөгөөд 1957 онд тээврийн салбартай нэгтгэн, Тээвэр холбооны яам болгосон байна. 1960-аад оны эхээр холбооны зурагт, радио, сансрын холбоо зэрэг техникийн дэвшил нийгмийн харилцаанд улам гүнзгий нэвтрэх болсноор дахин Холбооны яам байгуулагдаж, 1991 он хүртэл Монголын харилцаа холбооны салбар эрчимтэй хөгжлийн замд орсон юм. Гэвч тухайн үеийн төрийн бодлогоор дахин тээврийн салбартай нэгтгэж, Зам Тээвэр Холбооны Яам болгосон юм. 1992 оноос зам тээвэр, холбоо, барилга, ахуйн үйлчилгээ, эрчим хүч, аялал жуулчлал зэргийг нэгтгэн Дэд Бүтэц Холбооны Яам, Дэд Бүтцийн Яам болгон өөрчилж байгаад 2004 онд Дэд Бүтцийн Яамнаас холбооны салбарыг салгаж, Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газрыг байгуулав.

Холбооны салбар нь бие даасан яам байхдаа, Монгол улсад харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, нэг чиглэлийн яам байх нь хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, шийдвэрлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургах, бэлтгэхэд чухал ач холбогдолтой байсан юм. Тухайн үеийн төр засгийн бодлогоор, Олон салбарыг нэгтгэн нэг яам болгосноор, салбарын ажил, удирдлага, зохион байгуулалт болон тухайн яамыг  ямар мэргэжлийн хүн удирдаж байгаа зэргээс шалтгаалан олон талаар доголдох байдал гарч байсныг өнгөрсөн туршлага харууллаа. Одоо дэлхий дахины харилцаа холбоонд олон төрлийн шинэ техник технологи нэвтрэн, маш хурдан хөгжиж, нийгмийн харилцаанд улам өргөн хүрээтэй нэвтэрч “мэдээлэлжсэн нийгэм” хэмээх мэдээлэл, харилцаа холбооны нийгмийн хангамжийн шинэ салбар буй болж эхэлж байна. Ийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг харгалзан мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого эрхэлсэн салбарын төрийн захиргааны төв байгууллага буй болгох шаардлага урган гарч ирлээ. Иймээс Монгол Улсын Их Хурал энэ онд Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг тус улсын хөгжлийн стратегийн салбараар тодруулсан байна.

Хэдийгээр 2004 онд Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газар байгуулагдаж, салбарын бие даасан агентлаг болж, хөгжлийн асуудлууд шийдвэрлэхэд тодорхой ахиц дэвшил гарсан ч аливаа асуудлуудыг бие дааж шийдвэрлэх, болон шийдвэрлэхэд эрх хэмжээ дутагдах явдал илэрсээр байна. Өнөөгийн хөгжлийн шаардлагаар яамны статустай болох нь Харилцаа холбоо, Технологийн салбарыг  хөгжүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан, Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжихэд таатай нөхцлийг бүрдүүлэгч хамгийн сүүлийн үеийн тэргүүний технологид тулгуурласан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг бусад салбарын хөгжилтэй уялдуулан байгуулах нь улс орны хэмжээнд бүхий л салбарын хөгжлийг хурдасгахад чухал үүрэгтэй байх болно.

Иймд ахмад холбоочид болон үе үеийн холбоочдын зүгээс улс орны хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд ач холбогдол өгч, дэлхий нийтийн жишигт нийцүүлэн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яам” байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Төр Засгийн удирдлагууд анхааралдаа авч бодлого шийдвэртээ тусган ажиллана гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн,

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО БА ХОЛБООЧИН ТҮҮХ СУДЛАЛЫН ТӨВ,

БНМАУ-ын Холбооны яамны сайдын асан, Монгол Улсын гавъяат холбоочин Дахын Готов

Сайд асан, Монгол Улсын гавъяат холбоочин, Монгол Улсын зөвлөх инженер      Ирвизын Норовжав

Сайд асан, Монгол Улсын гавъяат холбоочин Бямбажавын Баатар

Сайд асан, Монгол Улсын гавъяат холбоочин, Монгол Улсын зөвлөх инженер

Дамбын Гарам – Очир

Холбооны яамны орлогч сайд асан Далайн Төгсөө

Ахмад холбоочин Л.Лантуу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш