logo
Орон нутгийн сонгуулиас өмнө аймгуудын Засаг дарга нарын хэрэг шийдэгдэх болов уу?

Орон нутгийн сонгуулиас өмнө аймгуудын Засаг дарга нарын хэрэг шийдэгдэх болов уу?

2012/08/07

Авлигын хэргээр төрийн өндөр алба хашиж байгаа нэлээд олон хүнийг шалгах болно

Манай улс дэлхийд авлигын түвшнээр 120-т нь жагсаж байна гэх аймшигтай мэдээг АТГ-ын албаны хүмүүс мэдэгдсэн. Тиймдээ ч 2013 оныг авлигын эсрэг жил болгон зарлаж байгаа биз. Саяхан АТГ-аас зарласан ээлжит хурлаараа цаашид ч маш олон хүнийг авлигын хэргээр шалгах болно гэдгээ албан ёсоор зарласан. Мөн яам, агентлагуудын дарга, дэд дарга нараас ч шалгах чимээ дуулдав.

АТГ-аас төрийн өндөр албан тушаал хашдаг томчуудаас гадна аймгуудын Засаг дарга нарыг ээлж дараалан шалгасаар олон сарын нүүр үзэж байна. Тэдгээр засаг ноёдоос нэлээд хэд нь улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр аавын хаалга татсан.

Гэвч шүүхээс ял сонссон Засаг дарга нар өөрсдийгөө гэм буруугүйд тооцон давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Харин одоогийн байдлаар таван Засаг даргын хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Ямартай ч албаныхан орон нутгийн сонгуулиас өмнө аймгуудын Засаг дарга нарын хэргийг яаралтай шийднэ гэж байгаа ч амжих эсэх нь тун эргэлзээтэй.

Сонгинохайрхан дүүр­гийн Засаг дарга Ц.Болдын хэрэг нь тодорхойгүй

Сонгинохайрхан дүүр­гийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад нэлээд хугацаа өнгөрлөө. Түүнийг цас хайлуулах бодист төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр УМБГ шалгасан боловч удалгүй харьяаллын дагуу гээд АТГ-т шилжүүлжээ. Харин Ц.Болдод Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу “Бусдын эд хөрөнгийг завшсан” гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн нийслэлийн Захи­рагчийн ажлын албаны менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг Засаг дарга Ц.Болдтой хамтран цас хайлуулах мөнгөнөөс хувьдаа завшсан гээд цагдан хорьсон ч удалгүй сулласан. Гэхдээ эдгээр эрхмийн хэрэг шүүхэд шилжсэн хэдийч одоогоор ямар шатандаа явж байгаа нь бүрхэг байна.

Багануур дүүргийн Засаг даргын хэрэг мөрдөн байцаалтад байна

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт АТГ-аас Газрын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчиж, газар олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Түүнчлэн дүүргийн таван хороонд тус бүрийг нь 90 сая төгрөгөөр тооцон 450 сая төгрөгөөр эдэлгээ даах япон, солонгос машин сонгох тухай нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг чиглэлийг өөрчлөн Хятадаас машинуудаа нийлүүлсэн хэмээн шалгаж байгаа юм. Одоогоор дээрх хэргүүд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж.

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар давж заалдах болсон

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Бат­сайхан нарыг төсвийн мөнгийг шамшигдуулсан хэмээн анхан шатны шүүхээс 2-3 жилийн ял оноосон ч тэд шийдвэрийг эсэр­­гүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн. Тэдний гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Өмнө нь хоёр удаа хэлэлцэхээр товлогдсон боловч өмгөөлөгч нь ирэх боломжгүй, мөн даргалагч шүүгч нь гадаад явсан гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.

Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг Увс аймагт барихаар төлөвлөөд байсан Нарийны голын 325 км, Тээлийн голын замын гүүрийн барилгын ажлыг өөрийн компани болох “Мөнхжим”-ээр гүйцэтгүүлж, 710 сая төгрөгийг хувьдаа завшсан. Мөн төрийн албан хаагчдын орон сууцны давхрыг багасгасан хэмээн аймгийнх нь иргэдээс гаргасан гомдлын дагуу АТГ-аас шалгасан.

Наймдугаар сардаа багтааж дээрх хоёр эрхмийн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ хэмээн АТГ-аас мэдээлж байсан.

Говь-Алтайн Засаг даргын хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлжээ

Говь-алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыг эрх мэдлээ ашиглан тендер зарлалгүйгээр ах, дүү, хамаатан садныхаа компанид давуу эрх олгож, 200 сая төгрөгөөр трактор комбайн худалдан авах эрх олгосон гэх үндэслэлээр, мөн “Агсу-Алтай” гэх нэртэй компанид тендергүй 100 сая төгрөг шилжүүлж, хөдөө аж ахуйн чиглэлийн машин техник авсан хэмээн Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Түүнчлэн орон нутагт барьж буй барилгын зургийн ажлыг өөрийн эзэмшлийн компанидаа хийлгэсэн хэмээн буруутгажээ.

АТГ-аас эл хэргийг мөрдөн шалгаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Ш.Амгаланбаярт холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэх хуулийн заалттай.

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа хятадуудтай гэрээ байгуулж, 29.5 сая тонн загасыг тусгай хамгаалалтад байдаг Хар ус нуураас бариулсан гэх хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой болон өөр хэд хэдэн тендер будилаантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэх хэрэгт сэжигтнээр шалгаж байгаа юм.

Тодруулбал, Хар ус нуураас агнасан дээрх 29.5 тонн загасны 28-н тонн нь БОАЖЯ-ны зөвшөөрөлтэй байсан ажээ. Харин нэг тонн орчим загасыг хулгайгаар барьсан хэмээн хуулийн байгууллагаас шалгах болжээ.

Ямартай ч идсэн, уусан гэх дээрх таван Засаг даргын хэргийг мөрдөн байцаалтын шатнаас шалгаж дуусгаад заримынх нь хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан 11 Засаг даргын гурвынх нь хэргийг Нийслэлийн шүүх болон АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээсэн.

Харин дээрх таван Засаг даргын хэргийг шалгаж, шийдэхээр болжээ. Гэхдээ орон нутгийн сонгуулиас өмнө шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа. Авлига авсан гэх Засаг дарга нарын хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш