logo
Аргентинд ижил хүйстэн хос хүүхэдтэй боллоо

Аргентинд ижил хүйстэн хос хүүхэдтэй боллоо

2012/08/08
Аргентины Буэнос Айрес хотод амьдардаг эдгээр залуус тун баяртай байна. Учир нь нэг сартай хүүхдийн албан ёсны асран халамжлагчид болсноор тэдний мөрөөдөл биелжээ. 
Карлос Густаво Дермгерд хэлэхдээ "Энэ асуудал дээр бусад хүмүүс ямар бодолтой байх нь бидэнд хамаагүй, ямартай ч манай гэр бүл болон найз нөхөд маань баяртай байгаа. Тэр биологийн хувьд бидний нэгнийх нь хүүхэд, гэхдээ бид хоёулаа асран халамжлагчид нь мөн" гэжээ. 
Энэ зурган дээр зүүн гар талд харагдаж байгаа Карлос Дермгерд болон түүний хамтрагч Алехандро Гримблат нар нь хүүхдийн албан ёсны асран хамгаалагчид болсон Латин Америкийн анхны ижил хүйстэн хосод тооцогдож байна. 
Алехандро ярихдаа "Бид 14 жилийн турш хамтдаа байсан, мөн бид хүүхэдтэй болох талаар удаан бодсон, гэхдээ ижил хүйстэн хос хүүхэдтэй байхыг нийгэм хүлээж авахад бэлэн биш байх гэж эхэндээ бодсон" гэжээ. 
Тэд нэг сартай хүүгээ Тубаяас гэж нэрлэсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт төрсний гэрчилгээг нь авсан байна. Ижил хүйстэн хос нэгэн Канад эмэгтэйд мөнгө төлж, хүүхдээ тээлгэжээ. Хүүхэд зургадугаар сарын 29-нд Энэтхэгийн Шинэ Дэли хотын эмнэлэгт мэндэлсэн байна.
Хоёр жилийн өмнө Аргентин нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн Латин Америкийн анхны улс болсон. Харин өнгөрөгч тавдугаар сард Аргентинд шинээр батлагдсан хуулийн дагуу хүмүүс албан ёсны бичиг баримт дээрх хүйсээ өөрчлүүлэх боломжтой болсон юм. Энэ хуулийг трансжендер хүмүүс талархан хүлээж авсан байна. Гэхдээ Католик шашинтай энэ улсад ижил хүйстнүүдийг гадуурхах үзэл байсаар байна. 
Карлос, Алехандро хоёрыг хүүхэдтэй болохыг эсэргүүцсэн хүн цөөнгүй байсан гэнэ. Карлос ярихдаа "Миний бодлоор Аргентинчууд энэ байдлыг ойлгож хүлээж авч чадна, гэхдээ зарим нэг шашны үзэлтнүүд болон бусад хүмүүст бидний хийсэн зүйл таалагдахгүй байж магадгүй гэдгийг бид мэднэ" гэжээ. 
Аавууд Тубаяасыг өсч том болсон хойно түүнд олон зүйлийг тайлбарлах хэрэгтэй болно гэдгийг хэлж байна. Мөн тэд өөрсдийг нь холбосон гол зүйл бол хайр гэдгийг хүү нь хэзээ нэг өдөр ойлгоно гэдэгт найдаж байна. 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш