logo
Сирийн Алеппо хот дайны талбар болж хувираад байна

Сирийн Алеппо хот дайны талбар болж хувираад байна

2012/08/08
Сирийн хамгийн том хот болох Алеппод буун дуу нүргэлсээр байна. Энэ хотын оршин суугчдын хувьд амьдрал улам хүнд болж байна. Английн Скай Ньюс агентлагийн зураглаачийн хийсэн бичлэгээс хотын дээгүүр байлдааны онгоцууд нисч, гудамжаар танкууд явж байгааг харж болохоор байна. 
Алеппо хотын зарим иргэд талх авахаар урт дараалалд зогссон байхад бусад нь ойр зуурын эд хогшлоо аван хотыг орхиж байна. Нийслэл Дамаскаас 350 км зайд Туркийн хилтэй ойролцоо орших энэ хот сүүлийн үед дайны талбар болж хувираад байгаа юм. Босогчид хоёр долоо хоногийн өмнө Алеппо хотын хэд хэдэн дүүргийг хяналтандаа авсан. 
Сирийн босогчид болон засгийн газрын хүчнийхний тулаан эхэн үедээ хүч тэнцвэргүй байсан хэдий ч сүүлийн үед босогчид хүчээ авч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Идэвхтнүүдийн мэдээлснээр засгийн газрын хүчнийхэн Алеппо хотоос босогчдыг шахахын тулд хүчтэй дайралт явуулахаар зэхэж байгаа гэнэ. Сирийн Ал-Ватан сонинд ч  цэрэг арми шийдвэрлэх тулаанд бэлтгэж байгаа талаар мэдээлжээ. Гэхдээ одоогоор хүчтэй дайралт явуулсан зүйл алга байна. 
Засгийн газрын цэргүүд Алеппо хот дахь босогчдын байрлал руу галласаар байна. Даваа гаригт Сирийн ерөнхий сайд Риад Хижаб ерөнхийлөгч Башар Асадын  засгийн газрыг орхиж, сөрөг хүчнийхний эгнээнд элссэн талаар түүний төлөөлөгч Мохаммед эл-Этри мэдээлжээ. Тэрээр Хижабыг аюулгүй газар байгааг хэлсэн байна. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал тэрээр Сирид бослого мөргөлдөөн 17 сар үргэлжлэх үеэр Асадын дэглэмээс урвасан хамгийн өндөр албан тушаалын хүн болох юм. 
 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш