logo
Их сургуулиудын нэгдсэн хотхон байгуулна

Их сургуулиудын нэгдсэн хотхон байгуулна

2012/08/10
Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд Багануур дүүргийн 4,5-р хорооны нутаг дэвсгэрт бий болох Их сургуулиудын нэгдсэн хотхоны талаар мэдээлэл хийлээ.
    Их сургуулиудын хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Шивээтийн хөндийд байгуулах шийдвэр анх гарсан ч тухайн газар мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд учир байршлыг Багануур дүүрэгт шилжүүлэхээр тогтжээ
    Хотхонд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СУИС гэсэн төрийн өмчийн таван сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, бизнесийн инкубаторт байрлах мэдээллийн болон шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулан зохицуулахаар төлөвлөжээ. Хотхон Техник, технологийн шинжлэх ухааны, Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны, Байгалийн ухааны, Эрүүл мэндийн шинжлэх ухааны, Соёл, урлаг, спортын, Худалдаа, үйлчилгээний, "Силикон вээлий" буюу шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, суурьшлын гэсэн бүстэй, 100 мянга орчим оюутан, нийт 150 мянган хүн амтай, бие даасан дэд бүтэцтэй байх аж. 
    Одоогоор оюутан залуусын томоохон хотхоныг байгуулахаар төлөвлөсөн 20 мянган га газарт инженер геологийн компаниуд геодезийн судалгаагаа хийгээд бэлэн болгочихсон байгаа гэнэ. Бүхий л зүйлийг байгаль орчинд ээлтэй байх уу үгүй юу гэдэг талаас нь дэлхий нийтээрээ ярьдаг болсон энэ цагт уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгчид нь байгаль орчны ерөнхий үнэлгээг хийх тал дээр ихээхэн анхаарч хийлгэсэн аж. Харин одоо нарийвчилсан үнэлгээ хийгдэж байгаа бөгөөд ТЭЗҮ болон хотын ерөнхий төлөвлөгөөг бас боловсруулж байгаа юм байна.
    Их сургуулийн хотхоны дэд бүтцийг тунелийн системээр барихаар төлөвлөсөн юм байна. Хэдэн онд ямар чиглэл салбарын оюутнууд тэнд нүүж очвол хамгийн зохистой хувилбар болох талаар болон өөр бусад олон талын судалгаанууд шат дарааллын дагуу хийгдсэн байна. Хотхоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах урьдчилсан үйл ажиллагаанд АНУ, Франц, Солонгосын тэргүүлэх зэргийн хот төлөвлөлтийн компаниудтай хамтарч ажилласан тухай холбогдох хүмүүс дуулгав.
Хэдийгээр энэ хотхон маань оюутан залуус төвлөрсөн хот ч гэлээ биеэ даасан арилжааны төв байх бүрэн боломжтой. Одоогоос 30, 40 жилийн өмнөх оюутнуудын орчин ахуй орчин цагийн оюутнуудынхтай харьцуулахын аргагүй өөр болсон гэдэг нь тодорхой. Тийм болохоор цаг үедээ тохирсон, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхүйц шинэ цагийн том хотхон байгуулах нь чухал.
    Ирээдүйн энэ хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шинэ технологи ашиглахыг зорьж байгаа юм. Дэлхийн хөгжсөн орнуудад дэд бүтцийнх нь бүх сүлжээ тунелийн системээр хийгдсэн байдаг байна. Нэг хоолойд гэмтэл гарлаа гэхэд л хамаг зам талбайгаа хуулж, газар шороогоо сэндийлж, зам хаадаг асуудал энэ системд байдаггүй, харьцангуй боловсронгуй.
    Их сургуулиудын нэгдсэн хотхонд хамгийн түрүүнд 1, 2-р курсын оюутнууд байрлана гэж тооцоолж байгаа гэнэ. Төгсөх ангийн, магистр, докторт сурч байгаа оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийх гэх мэт шаардлага их байдгийг үндэслэж ингэж төлөвлөсөн байна. Их сургуулийн хотхоныг байгуулах үндсэн чиглэлд нь согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хоригложээ.  Өөрөөр хэлбэл ахлах анги төгсөөд дөнгөж оюутан болсон хүүхэд залуус тэнд зөвхөн эрдэм номын ажилд л шамдах бүх орчныг хангахыг хичээж байгаа аж. Ирэх жилээс буюу эхний ээлжинд ШУТИС-ийн барилга инженер архитектурын сургууль, Холбоо мэдээлэл технологийн сургуулийн оюутнууд хотхондоо нүүж очих юм.
    Лондон хотыг хямд зардлаар бүрэн камержуулсан туршлагаар 100 мянга гаруй оюутан залуус байрлах энэ хотхоныг бүрэн камержуулах төслийг боловсруулах ажил хийгдэж байгаа юм байна. Одоогийн байдлаар Монгол Улс 1100 гаруй барилгын компанитай, 3000 гаруй мэргэжлийн барилгын ажилчинтай, барилга барих барилгачид тун цөөхөн гэгддэг. Харин энэ бүтээн байгуулалтын ажилд оюутнуудын нөөц бололцоог ашиглах, оюутнууд ч бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож дадлагажих боломж байгаа юм. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдахад тэнд ажиллагсдын хүүхдүүд энэ оюутны хотхонд суралцах, ар гэрийнхэн нь ч шинэ хотхонд суурьших гэх мэт олон талын боломж бололцоо нээлттэй болж байна.
    Энэ хотхон байгуулагдах болсон гол үндэс нь нийслэлийн нягтаршлыг тодорхой хэмжээнд сааруулахад чиглэж байгаа. Хотхон байгуулах 20 мянган га газарт 1 сая гаруй хүн суурьших бололцоо бий аж. Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийн хүрээнд баруун болон зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу Ховд аймагт 200 га, Орхон аймагт 100 га, Дорнод аймагт 50 га газар олгоод байгаа бол Дархан-Уул аймагт газрын асуудлыг хараахан шийдээгүй байна.
               
Г.Уран

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш