logo

"Khaan Quest-2012" хээрийн сургуульд 12 улс оролцоно

2012/08/11
-Манай эх оронд уламжлал болон зохион байгуулагддаг "KHAAN QUEST" сургууль 8 дахь жилдээ удахгүй болох нь ээ-
"KHAAN QUEST" сургууль нь 2003 оноост эхлэн Монгол Улс, АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургууль хэлбэрээр эхэлж, 2006 оноос олон улсын сургууль болон өргөжсөн бөгөөд Ази, Номхон далайн улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хэрэгждэг 5 том арга хэмжээний нэг болоод байгаа юм. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд уг сургуулийн ажиллагаанд нийт 15 улсын 5040 илүү цэргийн алба хаагч оролцоод байгаа аж.
"KHAAN QUEST-2012" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, БНЭУ, БНСУ, Япон, Канад, Австрали, ХБНГУ, Франц, Сингапур зэрэг 12 улсын 1000 илүү цэргийн алба хаагч оролцож, штабын дадлага, хээрийн сургалт дадлага, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж, хээрийн нөхцөлд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, цэргийн барилга, инженэрийн туршлага солилцох сургалт гэсэн 5 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд ОХУ, БНХАУ-ын ажиглагчид оролцох юм байна.
Энэ талаар өнөөдөр ЗХЖШ дээр 10 цагаас хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдууллаа. Хуралд "KHAAN QUEST" сургуулийн удирдагч хурандаа Д.Баасандамба, дэд хурандаа Д.Жавхланбаяр, АНУ-аас Монгол улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе Жонатан Лоу, АНУ-ын Аляск мужийн Үндэсний гвардийн орлогч командлагч Леон Брижес нар оролцон мэдээлэл хийв.
Хурандаа Д.Баасандамба "Салааны түвшний тактикийн хээрийн сургуульд 4 улсын 600 орчим цэргийн алба хаагч хамрагдана. Эмнэлгийн тусламжийн ажиллагааг хөдөө орон нутагт явуулдаг байсан бол энэ жилээс хүн амын нягтаршил, ард иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 4 улсын 60 гаруй цэргийн алба хаагч 7 хоногийн хугацаанд явуулна. Тус дүүргийн 39 дүгээр цогцолбор сургуулийн байрыг түшиглэн тус дүүргийн 9, 10 дугаар хорооны дундаас доош орлоготой 10,0 мянга орчим ард иргэдэд эхний 6 өдөрт дотор, мэс засал, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, ЭХО, нүд, шүдний үзлэг, оношлогоо эмчилгээ хийж, үнэ төлбөргүй эм, нүдний шилний үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн Налайх дүүрэгт Монгол, АНУ-ын мэргэжлийн барилгын салбарынхан барилгын салбарт хамтран ажиллана" гэсэн бол АНУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе Жонатан Лоу Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан улсад явуулж байгаа энхийг дэмжих ажиллагаа болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцон, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад гүнзгий хувь нэмрээ оруулж буй явдалд АНУ-ын засгийн газраас гүнээ талархаж байдаг. Энэ жилийн сургуульд АНУ-ын батлан хамгаалах салбарын өндөр түвшний төлөөлөгчид АНУ-ын тэнгисийн цэргийн нарийн бичгийн дарга, Номхон далай дахь цэргийн командлалын орлогч дарга, тэргүүн ахлагч нар оролцож байгааг тэмдэглэн хэллээ.
Хээрийн сургуулийн нээлт энэ сарын 12-ны даваа гарагийн 10 цагаас Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын хуурай замын цэргийн командлагч, дэслэгч генерал Францис Вейрсинский, Монгол Улсын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тус сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцоно.
Хээрийн сургуулийн хаалт нь 23-ны 10 цагт болох ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш