logo
Синайн Хойгт болсон халдлагын үеэр амь үрэгдсэн 16 цэргийг оршууллаа

Синайн Хойгт болсон халдлагын үеэр амь үрэгдсэн 16 цэргийг оршууллаа

2012/08/11
Өнгөрөгч ням гаригт зэвсэглэсэн хүмүүс Египетийн хилийн пост руу халдаж, 16 цэргийг хөнөөсөн. Мягмар гаригт Египетийн Кайр хотод цэргүүдийг оршуулах ёслол болсон байна. Египетийн цэрэг армийнхан Хамас бүлгийн хяналтанд байдаг Газын Зурвас дахь Палестинчуудыг зэвсэгт бүлгийнхэнд тусалсан хэмээн буруутгажээ. Оршуулгын ёслолд оролцсон зарим хүмүүс ерөнхийлөгч Мохаммед Морси болон Хамас бүлэгтэй холбоотой Лалын Ахан Дүүс хөдөлгөөнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Хуучин ерөнхийлөгч Хосни Мубарак Хамас бүлгийн эсрэг хатуу бодлого баримталдаг байсан билээ. Харин Морси энэ бодлогыг зөөлрүүлж, Палестины Рафах хотруу гардаг хилийн гарцыг нээж, бараа бүтээгдэхүүн оруулж гаргахыг зөвшөөрөхөө амлажээ. Ийнхүү Египетэд исламистууд нөлөөтэй болж байгаа нь Израйлын эрх баригчдын санааг зовоож байна.
Хэрэв Морси Хамас бүлэгтэй ойрын харилцаатай байсаар байвал түүнийг Исламын Ахан Дүүс Хөдөлгөөний үзэл суртлыг үндэсний эрх ашгаас дээгүүр тавьж байна хэмээн шүүмжилж магадгүй юм.
Лалын ахан дүүс хөдөлгөөнийхөн ням гаригт Египет Израйлийн хил дээр орших шалган нэвтрүүлэх цэг дээр болсон халдлагад Израйлын тагнуулын газрыг буруутгажээ. Харин Израйлын гадаад хэргийг яам энэ мэдээллийг үгүйсгэж, хил зөрчсөн долоон зэвсэгтэй этгээдийг хөнөөсөн гэж мэдэгдсэн байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш