logo
Сирийн шинэ ерөнхий сайд томилогдлоо

Сирийн шинэ ерөнхий сайд томилогдлоо

2012/08/11
Сирийн шинэ ерөнхий сайд томилогджээ. Өчигдөр энэ улсын төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр ерөнхийлөгч Башар Асад эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Вэйл ал-Халькиг засгийн газрын тэргүүнээрээ сонгосон байна. Хальки 48 настай бөгөөд өмнөд хэсгийн Дера мужаас гаралтай юм байна. Энэ мужид Асадын эсрэг бослого анх гарсан юм.
Сирийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Риад Хижаб Асадын засгийн газрыг орхиж, даваа гаригт Йордан руу дүрвэн гарсан байна. Тэрээр засгийн газрын тэргүүнээр хоёр сар ажиллажээ. Хижаб нь Сирид бослого мөргөлдөөн 17 сар үргэлжлэх үеэр Асадын засгийн газрыг орхисон хамгийн өндөр албаны тушаалын хүн болоод байгаа юм.
Идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар Сирид өнгөрсөн оны гуравдугаар сард засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш 17 сарын хугацаанд 20 мянга гаруй хүн амь насаа алдсан байна. Мөн босогчид болон засгийн газрын хүчнийхний хооронд үргэлжилж байгаа дайн тулаанаас зугтсан 40 мянга гаруй хүн хөрш Турк руу дүрвэжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Альжирын хашир туршлагатай дипломатч Лахдар Брахимиг Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгчөөр томилох асуудал яригдаж байгаа юм байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш