logo
Доминиканы гааль хуучин хувцасны импортод хориг тавилаа

Доминиканы гааль хуучин хувцасны импортод хориг тавилаа

2012/08/11
Доминиканы Бүгд Найрамдах улсын нийслэл Санто Доминго хотын иргэд хуучин хувцаснуудаас өөрсөддөө таарахыг хайцгааж байна. 200 долларын үнэтэй байдаг брэндийн жинсэн өмдийг эндээс долоон доллараар авч болно. Гэхдээ мэдээж хэрэглэж байсныг нь. Доминиканы хууль тогтоогчид бараг 40 жилийн өмнө батлагдсан, хуучин хувцасны худалдааг хориглосон заалт бүхий хуулийг хэрэгжүүлэхээр болсон байна. Тиймээс энэ төрлийн албан бус худалдаа эцэс болж байна гэхэд болно. Гаалийн албаны дарга Рафаел Камил хэлэхдээ "Гаалийнхан хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, татвар ногдуулж байна, мөн бид манай улсад хууль бусаар бараа оруулж ирэх явдлыг таслан зогсоохыг хүсч байна" гэжээ.
Доминиканы гаалийн албаныхан саяхан хилээр оруулж ирсэн бараан дотроос 90 мянган долларыг олж илрүүлжээ. Их хэмжээний мөнгийг угаах зорилгоор хувцсан дотор нуусан байсан гэнэ. Гаалийнхан зөвхөн бэлэн мөнгө төдийгүй зэвсэг болон сум илрүүлж хураасан байна.
Гэвч комиссийн бараа зарж амьжиргаагаа залгуулдаг иргэд засгийн газар хуучин хувцасны худалдаанд хориг тавьсан нь дотоодын хувцас үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилготой гэж үзэж байна. Доминиканы бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээлснээр энэ улсад жилд 25 тонн хуучин хувцсыг Нью-Йорк, Майамигаас оруулж ирдэг байна. Энэ төрлийн барааг импортлохыг хориглосон хуулийг бараг 40 жилийн өмнө буюу 1973 онд баталж байжээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт маш муу байсан байна.
Бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Антонио Рамос хэлэхдээ "Бид энэ хуулийг хэрэгжүүлэхийг дэмжсэн байр суурьтай байгаа. Бид хуулийн хэрэгжилтэнд хяналт тавихыг 1998 оноос хойш шаардсаар ирсэн. Учир нь хуучин хувцасны худалдаа ихээр өсч байсан" гэжээ.
Одоогийн ерөнхийлөгч Леонен Фернандез хуучин хувцасны импортыг хориглохыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ. Энэ нь орлого багатай иргэдийн бизнес эрхлэх боломжийг хаан боогдуулсан, баячуудад ашигтай шийдвэр болсон гэдгийг хэлэх хүн олон байна.
Ерөнхийлөгч Фернандезын хэлж байгаагаар комиссийн барааны импортод хориг тавьсан нь нөгөө талаараа ард иргэдийг хамгаалсан шийдвэр юм байна. Учир нь хуучин хувцсанд хортой нян бактери байдаг гэнэ. Гэхдээ Фернандезын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх долоо хоногоор дуусгавар болж байгаа юм. Доминиканы дараагийн ерөнхийлөгч хуучин хувцасны импортын асуудал ямар байр суурьтай байх нь тодорхойгүй байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш