logo
Иранд хүчтэй газар хөдлөлт болж, 250 хүн амиа алдав

Иранд хүчтэй газар хөдлөлт болж, 250 хүн амиа алдав

2012/08/13
Ираны баруун хойд нутагт уржигдар орой хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 250 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

Орон нутгийн "Пресс ТВ" теле сувгийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай гэнэ. Газар хөдлөлтөд Ираны Зүүн Азербайжан муж хамгийн ихээр өртсөн байна.

Эхний газар хөдлөлтийн хүчтэй доргилтын дараа Ираны баруун хойд хэсгийн тосгодын олон мянган оршин суугч гэрээсээ гарч зогссон байна. Газар хөдлөлтийн улмаас зургаан тосгон бүрэн сүйрч, үлдсэн 60 гаруй тосгоны 50 гаруй хувь нь эвдэрч сүйдсэн байна.

Эхний газар хөдлөлт нь 6.4 баллын хүчтэй байсан бөгөөд Ираны Тебриз хотоос 60 километрийн зайд 9.9 километрийн гүнд болжээ. Харин хоёр дахь хөдлөлт нь 6.3 баллын хүчтэй байсан бөгөөд мөн тус хотоос 49 километрийн зайд Варзаган хотын ойролцоо ижил гүнд болсон байна.

Варзаган хотын эмнэлгүүд гэмтэж бэртсэн хүмүүсээр дүүрсэн бөгөөд тэдэнд эмч, эм тариа, хоол хүнс хүрэлцэхгүй байгаа аж. Газар хөдлөлтөд өртсөн тосгодоос ойролцоогоор 16 мянга гаруй хүнийг хорогдох газарт шилжүүлжээ.

Сүүлийн үед Иранд хүчтэй газар хөдөлт болох нь ихэссэн бөгөөд өмнө нь 2003 онд Бам хотод 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 25 мянган хүн амиа алдаж байжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш