logo
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын араас Ц.Батбаяр, Н.Болормаа нар шалгагдах нь

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын араас Ц.Батбаяр, Н.Болормаа нар шалгагдах нь

2012/08/13
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд гурван өдөр дуулиантай болж өнгөрсөн билээ.
Тэднийг бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, анхан шатны шүүхээс ял оноосон юм. Гэхдээ Н.Энхбаяртай холбогдох хүмүүсийн хэрэг дээрх нөхдөөр төгсгөл болохгүй нь ойлгомжтой. Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хурлын үеэр «Хэрэв шүүгч, улсын яллагч та бүхэн энэ хэргийг бүлэг хэрэг гээд байгаа юм бол, тэр бүлэглэсэн нөхөд хаана байна вэ» хэмээн асууж байсан юм. Үүний хариуд улсын яллагч Ё.Сагсай «УИХ-ын гишүүний халдашгүй байдал, зарим нэг хүн нь гадаадад байгаа гэх зэргээс шалтгаалж хэргийг тусгаарласан. Гэхдээ удахгүй холбогдох хүмүүсээ шалгах болно» гэсэн тайлбарыг хэлж байсан билээ. Тэгэхээр улсын яллагчийн ярианаас үзэхэд дан ганц өндөр албан тушаал хашиж байсан Н.Энхбаярт ял өгөөд явуулах биш нэлээд хэдэн өндөр албан тушаалтныг хорьж, шалгах нь тодорхой болсон гэж болно.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр 2005-2007 онд нийслэлийн Засаг дарга байхдаа Н.Энхбаярын хэрэгт холбогдсон. Түүнийг нийслэлийн өмчийг хувийн компанитай дур мэдэн нийлүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулаад буй. Тухайн үед түүнийг шалгах гэсэн боловч УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг утгаар хэргийг нь тусгаарлаж байсан юм.

УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр энэ хэрэгт ямар холбоотой вэ
УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нь 2005-2007 онд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 1995 онд байгуулагдсан НӨҮГ-ын «Өргөө»-г 2000 онд «Дүнжингарав»-тай нэгтгэжээ. Ингээд НӨҮГ-т харьяалагдах ёстой «Өргөө», «Дүнжингарав»-тай нийлснээр 2003 оноос эхэлж ашиггүй ажиллаж эхэлсэн гэх. Улмаар ашиггүй ажиллаж буй нийслэлийн өмчит газарт ямар арга хэмжээ авах талаар тухайн үеийн нийслэлийн удирдлагууд 2007 оноос эхэлж хурдацтай ярих болсон аж. Дээрх асуудлыг шийдэхийн тулд Засаг дарга байсан Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-нд « Өргөө»-гийн менежментийн ажлыг сайжруулах саналыг НИТХ-д өргөн барьсан ажээ. Улмаар ИТХ-аас НӨҮГ-т хөрөнгө оруулалт хийж, хамтарсан компанийг байгуулаад сонгон шалгаруулалт хийх ажлыг Ц.Батбаяр даргад үүрэг болгожээ. Ингээд сонгон шалгаруулалт хийх үүрэг авсан Ц.Батбаяр эсрэгээр нь ямар ч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр «Хар дун» компанид «Өргөө»-г өгөхөөр НӨХГ-ын орлогч дарга байсан Д.Дуламсүрэнд даалгаж байжээ.

«Өргөө»-г, «Хар дун» компанитай нэгтгэх төслийг бичиж, НИТХ-д оруул гэсэн даалгавар өгсөн гэж хавтаст хэрэгт дурдсан байдаг аж. Үүний дараа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр «Хар дун» компанид өгснөөр «Дун өргөө» гэх компани байгуулагдсан түүхтэй. Хамгийн сонирхолтой нь «Хар дун» хэмээх компани нь Н.Энхбаярын туслах Т.Тулгын ахынх нь компани байсан юм. Түүгээр ч зогсохгүй тус компанитай Н.Энхбаярын хүү Э.Батшугар холбоотой болох нь батлагдсан аж. Тиймээс «Өргөө»-г «Хар дун» компанид сонгон шалгаруулалт хийхгүйгээр өгсөн Ц.Батбаярыг Н.Энхбаяртай холбож ярихаас өөр аргагүй хүрчээ. Ц.Батбаярын дэмжиж байсан компани нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмч байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон. Мөрдөн байцаалтын явцад «Өргөө» НӨҮГ-ыг сонгон шалгаруулалт хийхгүйгээр 25:75-ын харьцаатайгаар хувийн компанид өгснөөс болж, нийслэлд буюу улсад 453.7 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Үүнээс болж экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ц.Батбаяр, Н.Болормаа, Д.Дуламсүрэн нартай бүлэглэн дээрх хэргийг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт бичсэн байдаг.

Өнгөрсөн шүүх хурлын үеэр шүүгдэгч Д.Дуламсүрэн «Энэ яриад байгаа ажиллагаа миний мэдлийнх биш. Нийслэлийн өмчийг хувийн компанитай нэгтгэх ажлыг Засаг дарга эрхийнхээ дагуу мэдэж шийддэг» хэмээн удаа дараа мэдүүлж байсан юм. Д.Дуламсүрэнгийн эрх мэдэл үүнд хүрэхгүй байсан ч түүний шүүгдэх болсон шалтгаан нь Ц.Батбаярын даалгавраар НИТХ-д асуудлыг оруулснаараа ял сонсож, өршөөгдсөн юм.

Харин Ц.Батбаярын УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь өнгөрсөн долоодугаар сард дуусгавар болсон учраас түүнийг хэргийг дахин сэргээж, сэжигтнээр байцаах болсон юм. Ц.Батбаярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн өмчийг дур мэдэн захирч, их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгах болсон байна. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хурлын өмнөх өдөр төрийн өндөр албан тушаалтнуудыг хуралд татан оролцуулах хүсэлт тавьж байсан юм. Үүнд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа ч байсан юм. Хүүхдийн гэх тодотголтой Н.Болормаа нь Н.Энхбаярын хэрэгт тодорхой хэмжээтэйгээр оролцсон нь «Хар дун» компанид ногоон гэрлээр «Өргөө»-тэй нийлүүлэх тогтоол гаргасантай холбоотой.

НИТХ-ын дарга байсан Н.Болормаа хувьчлах тогтоол үйлдсэнээр буруудсан
«Өргөө »-г хувийн компанитай нийлүүлэх үеийн санал нь эхний үед 51:49 харьцаатай байх төлөвлөгөөтэй байсан аж. Уг нь тухайн үед НИТХ-аас сонгон шалгаруулалт хийх заавар өгсөн боловч Ц.Батбаяр дээрх зааврыг зөрчиж, «Хар дун» компанийг оруулсан байдаг. НИТХ-ын таван төлөөлөгчийн гурав нь дээрх хувьчлалыг хууль бус хэмээн эсэргүүцэж байсан нь хавтаст хэрэгт тэмдэглэгдэн үлдсэн аж. Эсрэг байсан гурван төлөөлөгч «Хотын А зэрэглэлийн бүсэд хамаарагдах объектыг ингэж хямдхан өгч болохгүй. Нийслэл 400 сая төгрөгийг олох чадвартай. Хэрэв та нар хувийн компанид дур мэдэж өгвөл улайм цайм дээрэмдсэн үйлдэл болно» гэж байсан нь хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгээр дурдагдсан байдаг юм.

Харин НИТХ-ын дарга асан Н.Болормаа гурван төлөөлөгчийн саналыг сонсохгүйгээр, «Хар дун» компанийн эх үүсвэрийг нь ч судлахгүйгээр тус компанийн нэр дээр тогтоол гаргаж, «Дун өргөө» компани байгуулагдсан байдаг аж. Гэхдээ Н.Болормаа анхны үнийн санал болох 51:49 гэсэн харьцааг илт зөрчиж, 25:75 гэдэг харьцаагаар тогтоосон байдаг нь түүнийг хэрэгт татах үндэслэл нь болжээ. Н.Болормаагийн хууль бус шийдвэрийг нь тухайн үед «Өргөө» НӨҮГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Энхжаргал эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэтэл шүүхэд хариуцагчаар НИТХ-ын дарга асан Н.Болормаа биш НӨХГ-ын орлогч дарга асан Д.Дуламсүрэн орсон байжээ. Ингээд дээрх хэрэгт Н.Болормааг сэжигтнээр татан шалгах болсон байна. Иймээс Н.Болормаа, Ц.Батбаяр нарт холбогдох хэргийг нэгтгэн сэжигтнээр тооцон шалгах болсныг албаныхан ч хэлж байсан. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар шалгах болжээ.

Ямартай ч нэлээд дуулиан шуугиан дагуулсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамт Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нар шүүхээс ял авч, гэм буруутан болсон. Харин одоо энэ хүмүүсийн араас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнийг шалгах болсон тухайгаа АТГ-аас мэдэгдэж байсан билээ. Хэрэг яаж хэрхэн шийдэгдэх нь олон нийтэд нээлттэй болох байх.

 Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш