logo
Афган ажилчин гурван америк цэргийг хороожээ

Афган ажилчин гурван америк цэргийг хороожээ

2012/08/13
"Өмнөд Афганистан дахь цэргийн баазад энэ сарын 11-нд шилжих шөнө америкийн гурван ч цэргийн алба хаагч алагдсан байна" хэмээн НАТО-гийн цэргийн хүчний төлөөлөгч мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжууллаа.
Гильменд мужид алагдсан тэдгээр цэргийг тус цэргийн баазад ажилладаг афган ажилчин буудан хороожээ. Цэргийнхний нотолж буйгаар тэрхүү афган хүн жирийн ард хувцастай байсан гэнэ. Харин тэрбээр ямар замаар зэвсэг хэрэгсэл гартаа оруулж авсан талаарх мэдээлэл алга. Түүнчлэн афган хүн энгийн хүмүүс хийгээд алан хядагч нар руу буудсан эсэх нь тодорхойгүй байна.
Гэтэл үүнээс нэг өдрийн өмнө буюу 10-нд шилжих шөнө мөнхүү Гильменд мужид афганистаны цагдаа өөрийн хамсаатнуудынхаа хамтаар мөн гурван америк цэргийг буудан хороосон байжээ.
Гэсэн хэдий ч НАТО-гийн цэргийн хүчний төлөөлөгч, бригадын генерал Гюнтер Кац "Дээрх хоёр халдлага нь Афганистан дахь ерөнхий байдлыг харуулж байгаа хэрэг огтхон ч биш" хэмээн сурвалжлагч сэтгүүлчдэд нотлон өгүүлжээ. Түүний хэлснээр эдгээр үйл явдал нь НАТО-гийн цэргийн хүчин хийгээд Афганистаны аюулаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааны мөн чанарт ноцтой байдлаар нөлөөлөхгүй аж.
НАТО-гийн дүн мэдээгээр энэ оны эхнээс гадаадын цэргийн алба хаагчид руу 26 удаа довтолсон бөгөөд үүний улмаас 35 цэргийн алба хаагч амиа алджээ. НАТО тус улсад хяналт тавих ажиллагааг 2014 он гэхэд Афганистаны талд шилжүүлэн өгөхөөр төлөвлөөд байгаа билээ.
С.Амар  
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш