logo
Ц.Нямдоржийн Засгийн газарт ч орохгүй АН-ыг дэмжинэ, үргэлжлүүлээд явуулж өгөөч гэж буй бодлого нь чухам юу вэ?

Ц.Нямдоржийн Засгийн газарт ч орохгүй АН-ыг дэмжинэ, үргэлжлүүлээд явуулж өгөөч гэж буй бодлого нь чухам юу вэ?

2012/08/14
УИХ-ын гишүүн, Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хэвлэлүүдээр ярилцлага өгч, АН-ыг ямар ч тохиолдолд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтран Засгийн Газар байгуулж болохгүй тухай олон жишээ, баримт татан ярьсан билээ.


Тодруулбал:
"Би “Шударга ёс” эвсэл нэртэй урвагчдаас хоёр Засгийн газрыг хамгаалаад дийлээгүй. Өнгөрөгч 2004 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг манайхантай нийлж М.Энхсайханаар толгойлуулсан урвагчид унагах гэхэд нь би бүтэн зургаан сар хамгаалж хэвтсэн. Намынхаа нөхдөөс “Та нар хоёр жилийн гэрээтэй, одоо 2-3 сар дутуу байхад засгийг унагаж яахав” гээд өөрийн намын нөхдөөсөө гуйж арга ядаж явахад “Ц.Нямдорж Увсынхаа Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нарыг хамгаалж хөдөлж өгөхгүй байна” гэсэн.

Эцэст нь М.Энхсайхан “Эх орон ардчилал” эвсэл нэрийн дор хор найруулж Засгийг унагаж байсан юм. Хоёр дахь нь М.Энхболдын засгийг Д.Тэрбишдагва тэргүүтэй элсний 13 гэгч гарч ирээд унагаж байв. МАН-ын их хурал дээр М.Энхболдыг намын дарга байх үед нь хамгаалж үг хэлж байлаа. Бас л хугацааг нь дуустал ажиллуулчих юмсан гэж байсан санаа. Тэд засгийг тогтворгүй байлгах сонирхолтой. Уг нь шинэ засгийг тогтвортой ажиллаасай гэж хүсч байгаа юм би. Гэтэл одоо Д.Тэрбишдагва гэдэг хүн Шадар сайд болох гээд амиа золиослохоос буцахгүй явна. Өөрийн намын Ерөнхий сайдыг унагаж чаддаг хүн чинь хүний намын Ерөнхий сайдыг унагах бол зүгээр шүднээс мах авахтай адил. Үүнийг л би хэлж байна. Ч.Улаан бол өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр Н.Алтанхуяг нарыг засгаас гарахад Сангийн сайд болно гэж урьдчилж яриа өгсөн хүн. Гэтэл намаас Сангийн сайдад нэр дэвшүүлтэл дөрвөн хүний санал авч байлаа. Сайд болж чадаагүйн төлөө намаас урвасан хүн. Одоо УИХ-ын дэд дарга гэдэг суудалд очихын тулд ийм урвалт хийж байгаа юм. Наад урвалтууд чинь буцаад Монголын төрийг сульдуулж, урвах гэдэг үзэгдлийг хойч үедээ өвлүүлж үлдээх гэсэн санаа. Энэ урвагчид чинь бүгд сайд, дарга болно. Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга боллоо. “Шударга ёс” эвсэл улс төрийн хэлмэгдүүлэлт явуулбал засагт хамтрах хэлэлцээрээс гарна гэсэн тогтоолоо УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны албан тушаалд очиж байгаа юм. Гэтэл мэдэгдлээсээ хойш 4-5 хоногийн дараа “Бид нэг хүний асуудлыг сонирхохгүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд засгийн бүрэлдэхүүнд орно” хэмээн сайд болно гэж гүйсээр байна шүү дээ тэд.Монгол төрийг хамгийн их сорьж сульдуулж байгаа асуудал энэ урвалт. 2005 онд АН-ыг аврах хөдөлгөөн гэж байгуулагдан цэнхэр туузтай М.Энхсайханаар толгойлуулсан хүмүүс “Эх орон ардчилал” эвслийг тарааж Үндэсний шинэ намыг байгуулсан. Энэ намын бүрэлдэхүүнд орсон хүмүүс шадар сайд, Батлан хамгаалахын сайд, зарим нь Гаалийн газрын дэд дарга болж байв. 2007 онд засгийг түлхэж унагасан хэсэг нь дараагийн албан тушаалд очих сонирхлоор бас энэ ажлаа хийсэн. Тэгээд хүсч байсан албанд нь тавиагүй учраас 2007 оноос хойш Д.Тэрбишдагва бүтэн таван жил Ардын намыг самарлаа шүү дээ. С.Баярын Засгийн газарт сайд болж чадаагүйдээ хорсч сонгуулийн өмнө урваад Шадар сайд руу зүтгэж байгаа. Монголын улстөрчийн ханш энэ. Тэдэнд Монголын улс төрөөс урвах, намаа солих бол юу ч биш. Энэ нөхдийн төлөө саналаа өгсөн сонгогчдыг худалдах бол юу ч биш. Монголын төрийг ингэж авч явбал парламент утга учраа алдана. Яахаараа энэ урвагчид Монгол төрийн толгойд гарч зайдалж байдаг юм. Би албан тушаалд удсан минь үнэн. Гэхдээ хэзээ ч МАН-ыг цөөнх байхад албан тушаалд очиж байгаагүй. Тэнцсэн юм уу, хавьгүй олон суудал авсан тохиолдолд намын дарга нар дуудаад ”Энэ албыг хариуц” гэхээр нь тэрийг нь хийж ирсэн. Би гуйж албан тушаал авч байгаагүй. Тал талаас дайрч намайг чимээгүй болгоно гэвэл огт чадахгүй. Дэлхий 76 хүнээр дуусахгүй. Ядуу ч гэсэн цаана нь ард түмэн байна. Өнөөдөр биш юм гэхэд маргааш үнэлгээ тавина тэд. Та нар бод. Өөрийн намын Ерөнхий сайдаа түлхэж унагаж чадсан хүн. Н.Алтанхуягийг бол унтаж босоход нь л унагана шүү дээ." хэмээсэн юм.

Энэ мэт шалтгаанаас үүдэн Ц.Нямдорж АН дангаараа Засгийн газраа байгуул, МАН заавал Засгийн газарт орно гэхгүй. УИХ дээр бүх талаар дэмжинэ, хариуд нь манай зарим бодлогыг үргэлжлүүлэх л хэрэгтэй гэсэн санал тавиад буй аж.
Зарим нь түүнийг өс хонзондоо хөтлөгдөн ийм зүйл хийж байна, МАХН-ынхныг юу ч үгүй үлдээх гэж байна гэж буй ч эх сурвалжуудын хэлж буйгаар энэ саналын ард маш том бизнес бүлэглэлийн сонирхол байж болзошгүй гэнэ.


Тодруулбал МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хамгийн гол заалт болох Ухаа худгийг хурааж, Таван Толгойн ордыг бүхлээр нь ашиглах санал олон хүнд таалагдахгүй байгаа ажээ.

Ц.Авирмэд 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш