logo
АНУ Африкчуудыг байлдан дагуулахыг оролдож байна

АНУ Африкчуудыг байлдан дагуулахыг оролдож байна

2012/08/14
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Африкийн орнуудаар хийсэн айлчлалаа дуусгалаа. Энэ айлчлалын гол зорилго нь Хар тив дэх Хятадын нөлөөг багасгах байв. Сүүлийн таван жилийн хугацаанд Бээжин Африкийн олон орны худалдааны томоохон түнш төдийгүй зэвсэг нийлүүлэгч болж хувирсан билээ. Харин Хиллари Клинтон хятадуудаас олон тэрбумын хөнгөлттэй зээл авах нь оронд нь байгалийн баялгаа тэдэнд алдах болно гэдгийг тайлбарлахыг оролджээ. Энэ бүхнээс харахад Африк тив нь тус хоёр хүчирхэг гүрний сөргөлдөөний талбар болсон бололтой.
Хиллари Клинтоны арванхоёр өдрийн турш хийсэн айлчлал нь Барак Обамагийн засгийн газарт Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх хугацаанд Африкийн орнуудад хийсэн айлчлалуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь болсон байна. Тэрбээр Сенегал, Уганда, Өмнөд Судан, Кени, Малави, ӨАБНУ, Нигери, Гана болон Бенин улсад айлчилсан юм. Хатагтай Клинтоныг Сенегалын нийслэл Дакар хотын их сургуульд африкчуудад хандан анхныхаа үгийг хэлсний дараа түүний айлчлалын гол зорилго тодорхой болсон юм. "Ямар ч бүтээн байгуулалт үлдээлгүй ашиг хонжоо хайн Африкт ирсэн харийнхны өдрүүд төгсгөл болох ёстой" гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдээд "дарангуйлагч эрх баригчдын гарт орж байгаад сэтгэл зовнихгүйгээр Африкт мөнгөн тусламж үзүүлж байгаа орнуудыг" эрс шүүмжилсэн байна. Хэдийгээр хатагтай Клинтон нэг ч улсыг шууд нэрлээгүй боловч энд Хятадын тухай яригдаж байна гэдэг нь ойлгомжтой байв.
Африкт явуулж буй Бээжингийн бодлогод Хиллари Клинтон түгшиж эхэлсэн нь ойлгомжтой. Вашингтоны эрх баригчдыг НАТО-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Ойрхи Дорнодын үйл явдалд анхаарлаа хандуулж байх хооронд Бээжингийн эрх баригчид Хар тивд байр сууриа чимээгүйхэн бэхжүүлж амжжээ. Хятадын удирдлага Африк тивд өргөн цар хүрээтэйгээр нэвтрэх стратегийн шийдвэрийг 1990 оны эхээр буюу тус улс эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэхийн тулд эрдэс баялгийн нөөц хэрэгтэй гэдэг нь тодорхой болж, нүүрс ус төрөгч импортолж эхэлсний дараа гаргасан байна. Үүнээс хойш Бээжингийн эрх баригчид Африкийн орнуудтай худалдаа арилжаагаа өргөжүүлж эхэлсэн бөгөөд харин жинхэнэ эзлэн түрэмгийлэх бодлогоо 2003 оноос явуулж эхэлжээ.
2007 оноос Хятад улс АНУ-ыг гүйцэн Африкийн орнуудын худалдааны томоохон түншийн байр суурийг бат бэх эзэлсэн байна. Тухайлбал, 2011 онд тус тивийн 55 оронтой 166 тэрбум гаруй долларын худалдаа арилжаа хийсэн нь 2006 оны бараа эргэлтийн үзүүлэлттэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Түүнээс гадна, Хятад Африк тивд оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, олон тэрбум долларын зээлийг хөнгөлттэй олгох болсон юм. Хятадуудын сонирхож байгаа зүйлс нь нүүрс ус төрөгч, металл, мод, мөн хөдөө аж ахуйн эдэлбэр газар ажээ.
Хөнгөлттэй зээл олгосны оронд Хятадын төрийн компаниуд аж үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эрх авдаг байна. Долдугаар сард болсон Хятад, Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ху Жиньтао Африк тивийн орнуудад 20 тэрбум долларын буцалтгүй тусламж олгох шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ болон африкийн 18 мянган оюутныг Хятадын их сургуулиудад цалинтай суралцуулах болсныг мэдэгдэж, Хар тивд өгөөмөр бэлэг барьжээ. Мөн Африкийн янз бүрийн салбарын 30 мянган мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлыг даах болон Хятадын төсвийн зардлаар 1500 хятад эмчийг орон нутгийн эмнэлгүүдэд ажиллуулахаар болсон байна. Түүнчлэн Африкийн холбооны Аддис-Абебе хот дахь шинэ төв байрыг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулжээ.
Хятад улсын Африк дахь амжилтын нууцуудын нэг бол хүний эрх болон ардчиллын асуудалд хүлцэнгүй хандаж байгаа явдал юм. Суданы Ерөнхийлөгч Омар Башари эсвэл Зимбабвегийн төрийн тэргүүн Роберт Мугабе нар шиг олон жилийн турш төр барьж, өөрийгөө шүтүүлсэн эрх баригчид Бээжингийн хувьд сайн найз болжээ. Хятад улс тэдэнд зэвсэг нийлүүлж, НҮБ-аас хаацайлж, харин оронд нь онцгой эрх эдэлдэг байна. Жишээлбэл, зарим эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Үндэсний нефть, хийн корпорацийн /CNPC/ Судан дахь нефтийн орд газруудад Хятадын хоригдлууд ажилладаг бол тэднийг Хятадын армийн цэргүүд хамгаалдаг байна.
Гэхдээ Хятадын эзлэн түрэмгийлэх бодлогыг олон зүйл, тэр дундаа Африк өөрөө түгшээж эхэлжээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлуудад Хятадыг эсэргүүцсэн уриа лоозонг ашиглах нь олонтаа болсон байна. Учир нь бодит байдал дээр Африк тивд аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, орон нутгийн оршин суугчдад ажлын байр бий болгох ёстой Хятадын амлалт хараахан биелээгүй байна. Хиллари Клинтон ч энэ бүхнийг амлаагүй байна. Африкийн орнуудад айлчилж байх үеэрээ Хиллари ардчилал болон цөөнхийн эрх ашгийг зайлшгүй хамгаалах нь чухал болохыг ярьж байсан боловч шинэ хөрөнгө оруулалтын талаар ганц ч үг дурдсангүй гэж Коммерсантъ сонинд бичжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш