logo
Жорж Сорос дахин хуримлана

Жорж Сорос дахин хуримлана

2012/08/14
Америкийн алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Жорж Сорос өнгөрсөн ням гарагт 82 насны ойгоо тэмдэглэх үеэрээ гурав дахь удаагаа гэрлэх гэж байгаагаа зарлажээ. Америкийн нөлөө бүхий "Форбс" сэтгүүлийн шинжээчдийн тооцоолсноор 20 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй санхүүчийн сонгосон бүсгүй нь 40 настай, йогийн багш Тамико Болтон гэнэ. Сорос түүнтэй хэдэн жилийн турш болзож байгаа байгаа бөгөөд удахгүй хуримлахаар болжээ.

  Сорос хэдэн долоо хоногийн өмнө Болтонд алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж бэлэглэн гэрлэх санал тавьсан гэж түүний төрсөн өдрийн үдэшлэгт уригдсан зочдын нэг ярьсан тухай Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Хурмын товыг хараахан зарлаагүй байгаа аж. Хөрөнгө оруулагч сүй тавьснаа Лонг-Айленд дахь түүний зуны өргөөнд цугласан зочдын өмнө зарлажээ.

  Дэлхийн хамгийн нөлөө бүхий санхүүчдийн нэг болох Жорж Сорос Бразилийн телевизийн од Адриана Феррейртэй таван жилийн турш найзалсан боловч гэрлэлтээ батлуулаагүй юм. Өнгөрсөн наймдугаар сард Феррейр тэрбумтнаас харьцаагаа тасалсны дараа түүнээс 50 сая доллар нэхэмжлэн шүүхэд өгчээ.

  Жорж Соросын хувьд энэ нь гурав дахь гэрлэлт бол Болтоны хувьд хоёр дахь нь юм. Сорос анхны эхнэр Эннализ Уитшактайгаа 23 жилийг өнгөрүүлсэн бөгөөд тэд 1983 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Мөн энэ онд тэрбээр өөрөөсөө 25 насаар дүү, Нью-Йоркийн урлаг судлаач Сьюзан Уэбертэй гэрлэсэн байна. Хосууд 2005 онд гэрлэлтээ цуцлуулах хүртэл 22 жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Сорос хоёр гэрлэлтээсээ 5 хүүхэдтэй байна.

Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш