logo
Оюутан шатарчид Португал улсыг зорино

Оюутан шатарчид Португал улсыг зорино

2012/08/14
Оюутны дэлхийн аварга шалгаруулах Шатрын XII тэмцээн Португал улсын Гүэмараес хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд тус хотын хотын захиргаа, Португалын оюутны спортын холбоо, Минхогийн их сургуулийн удирдлага дор зохион байгуулах тэмцээнд 20 орчим орны 100 гаруй тамирчин оролцоно.
Манай улсын оюутны багийн шатарчид 2010 онд Швейцарийн Цюрих хотноо болсон өнгөрсөн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа алтан медаль хүртэн, хувийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул аварга болсон сайхан амжилт үзүүлж байсан билээ. Харин энэ удаа Олон улсын хэмжээний мастер А.Энхтуул /ОХУ-ын Москва хотын Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан/, дэд мастер Б.Билэгжаргал/ Их засаг их сургуулийн оюутан/, дэд мастер С.Сарантунгалаг /Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, дэд мастер Б.Ану /МУИС-ийн оюутан/ нар оролцох болжээ. Эрэгтэй гурван тамирчин нь МУИС-ийн оюутнууд болох Б.Ариунбүүвэй, Б.Галмандах, Р.Амгаланбаатар нар юм. Тэд Монгол Улсын 2012 оны оюутны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон энэ тэмцээнд оролцох эрхээ авчээ. Харин баг тамирчдын дасгалжуулагчаар, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, удирдагчаар Олон улсын мастер, Олон улсын шүүгч П.Жигжидсүрэн нар ажиллаж байна. Тамирчид Хандгайт дах амралтын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Оюутны дэлхийн аварга шалгаруулах Шатрын XII тэмцээн болох Гүэмараес хот нь Португал улсын хойд хэсэгт Порто хотын ойролцоо оршдог, 52 гаруй мянган хүн амтай, үйлдвэржилт хөгжсөн хот юм. Португал нь оюутны спортыг өндөр хөгжүүлсэн,хоёр жил тутамд болдог оюутны дэлхийн аварга шалгаруулах олон удаагийн тэмцээнүүдийг амжилттай хүлээн авч явуулдаг туршлагатай юм.
Сонирхуулахад Монголын оюутны шигшээ баг нь анх 1994 оны Болгарын Софи хотноо болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Олон улсын хэмжээний мастер Ц.Батцэцэг мөнгөн медаль, 2000 онд Болгарын Варна хотноо зохиогдсон тэмцээнд багаараа хүрэл медаль, 2002 онд Улаанбаатар хотноо болсон оюутны дэлхийн аваргын Долдугаар тэмцээнд Монголын баг хүрэл, хувийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Б.Анхчимэг хүрэл медаль, 2008 онд ОХУ-ын Новокузнецк хотноо зохиогдсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль тус тус хүртэн амжилт гаргаж байсан юм.
Мөн 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо болсон “Универсиад” наадмын шатрын тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртсэн билээ. Харин 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох Универсиад наадмын хөтөлбөрт шатрын төрөл дахин орсон юм.
Н.Туяа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш