logo
Грек найтаахад Хятад ханиаж, Монгол хатгалгаа тусна

Грек найтаахад Хятад ханиаж, Монгол хатгалгаа тусна

2012/08/15
Хямрал хаяанд ирсэн энэ өдрүүдэд манай улс Засгийн газраа шинээр байгуулж, Санхүү, эдийн засгийн салбар "өрх тусгаарлаж" Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдах төлөвтэй. Ингэснээр төсвийн зарцуулалтын эрх мэдлийг Сангийн шинэ сайдад атгуулчихаад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Хөгжлийн яам зэрэг хөгжлөөр овоглосон байгууллагууд нэгэн дээвэр дор төвлөрч ажиллах бололтой.

Энэ бол манай хэрэг. Харин дэлхий нийтэд эдийн засгийн хямрал ямар шатандаа байна вэ. Гадаад нөхцөл байдлаас дэндүү том хамааралтай жижигхэн эдийн засаг маань Грекийн хямралын нөлөөнд хэрхэн эрсдэлтэй учирч болох вэ гэдэг л анхаарал татаж байна.

Грекийн Сангийн яамнаас өчигдрөөс эхлэн 3.1 тэрбум еврогийн үнэтэй богино хугацааны бонд гаргаж урсгал зардлаа хаах шийдвэр гаргажээ. Хандивлагч, зээлдүүлэгчид түр хугацаагаар тусламжаа зогсоосон учраас ийм арга сийлсэн бололтой.

Саяхан болтол Европын орнууд Грекийн байдал хүндэрч Евро бүсээс гарвал яахаа мэдэхгүй байсан учраас боломжийн хэрээр туслалцаа үзүүлж байсан. Харин тус улс хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж өрийн хямралаасаа гарах үүрэг хүлээгээд байгаа. Үүнийг харзнах, нөгөөтэйгүүр Евро бүсийн орнууд нэг үеэ бодвол "Грек Евро бүсээс гарвал" яахаа шийдэж тодорхой хэмжээнд бэлтгэлтэй болсон учраас тусламжаа татсан ч гэж үзэж болохоор байгаа юм.

Тэгвэл Монголд Грекийн хямрал хэрхэн нөлөөлөх вэ. Мэдээж үүнд евро хэмээх мөнгөн тэмдэгтийн манай эдийн засагт үзүүлэх нөлөөлөл чухал ач холбогдолтой. Грек Евро бүсээс гарвал тус улсын хамаг өр Германы нуруун дээр ирнэ. Германы төв банк болон бүх арилжааны банк хямарна. Тэр бүх ачааг Германы татвар төлөгчид үүрнэ. Бид юу гэж хаа байгаа Грекийн өрийг төлөх юм бэ гээд гинжин урвалаар бүх зүйл өөрчлөгдөнө.

Хамгийн гол нь евро гэгч мөнгөн тэмдэгтийн ханш унана. Монгол Улсын валютын нөөц евро, ам.доллар, алт гэсэн гурван хэлбэрээр байршдаг. Гэтэл еврогийн ханш буурчихвал валютын нөөц багасчихна. Энэ ч яахав нэг их сүртэй нөлөөлөхгүй гэж бодоход гадаад худалдааны төлбөрийн балансад евро ямар байр суурь эзэлж байна вэ гэдгийг анхаарахгүй байх аргагүй.

Энэ талаар Монголбанкны мэргэжилтнүүдээс лавлахад "Манай экспортын гол зах зээл бол урд хөрш, харин Хятадын экспортын хамгийн том зах зээл нь Америк биш Европ болчихлоо. Бидний болгоомжлох зүйл бол ерөөсөө л энэ. Өнгөрсөн оны сүүлийн хагас, одоо ч үргэлжилж буй Евро бүсийн санхүү, төсвийн хямрал, тодорхойгүй байдал нь Хятадын эдийн засагт нөлөөлж байна.

Хэрэв экспорт нь унавал дотоодын үйлдвэрлэл нь унана инфляцид нөлөөлнө. Ингэснээр манай экспортын гол бүтээгдэхүүн, нүүрс, зэсийн үнэд нөлөөлнө. Мөн бид урдаас инфляци нь шингэсэн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн импортолно. Манайд нөлөөлөх гол суваг нь энэ. Гэхдээ сүүлийн 14 хоногт зах зээлийн ханшийг харахад нүүрс, алт, зэсийн үнэ бага боловч өсөх хандлагатай байна. Энэ бол сайн дохио.

Хятадын эдийн засгийн дархлаа сайжирч, эсэргүүцэх чадвар нь өндөр болж ирж байгаа харагдаж байна. Өөрөөр хэлбэл Хятад улс өөрийн эдийн засгаа гадаад худалдаа, экспортоос хэт хамааралтай бус дотоодын хэрэглээ, аж үйлдвэр дээр суурилсан эдийн засгийн бүтэц рүү шилжихээ зарласан. Энэ нь урт хугацаанд манай улсын хөгжлийн гол хөшүүрэг ч болох байх" хэмээн ярьж байна.

Үнэндээ Хятадын эдийн засгийн дархлаа сайжирч, эрсдлийг эсэргүүцэх чадвар нь өндөр байгаа тохиолдолд тэд юунаас ч айхгүй. Тус улсын Засгийн газар " эдийн засгаа гадаад худалдаа, экспортоос хэт хамааралтай бус байлгах, дотоодын хэрэглээ, аж үйлдвэр дээр суурилсан эдийн засгийн бүтцэд шилжинэ гэдгээ зарлачихсан. Энэ нь Грек байтугай нь хямарсан ч түүнээс хамаарахгүй, эрсдэл хүлээхгүй байхын төлөөх тэмцэл юм.

Тэгэхээр Грек "найтаахад" Хятад "ханиах" ч үгүй байх болно гэсэн үг. Уг нь манай төрөөс зөв бодлого баримталбал урд хөршийн энэ нөхцөл Монголын эдийн засгийн хөгжлийн нэг хөшүүрэг байж болох талтай.

Хямралын дараагийн чухал нөлөөлөл нь валютын ханшийн нөлөөлөл. Еврогийн ханш унаж байхад нөгөө талд ам.долларын ханш өсөж байдаг. Өсөх хэмжээгээр нь манай гадаад худалдааны алдагдал нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр улсын төсөвт ирэх ачаалал нэмэгдэнэ. Бидний авч буй цалин тэтгэвэрт нөлөөлнө. Энэ мэтчилэн глобал эдийн засгийн болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан харж арга хэмжээ авах нь л эрсдэлээс хамгаалах хамгийн сайн арга болчихоод байгааг дэлхийн улс орнуудад үүсээд байгаа нөхцөл байдал харуулж байгаа юм.

Тухайлбал, ам.долларын ханш өсөж буй бурууг зөвхөн хямралаас хайхаасаа илүү өөрийн орны эдийн засгийн бодит чадавхийг ажиглах, "гаж" тогтолцоогоо засаж залруулахад гол анхаарлаа хандуулахыг нөхцөл байдал шинэ Засгийн газраас шаардаж байна. Манай улс бүтээж байгаагаасаа илүүг хэрэглэдэг, үйлдвэрлэхээсээ илүүг зарцуулдаг "муухай" онцлогтой.

Нийлүүлэлтийн чадавхиас эрэлт нь даваад байгаа импорт, үйлчилгээний төлбөр хэлбэрээр болохоор эдийн засгаас гарах валютын хэмжээ огцом өсөж эхэлсэн. Үүнд нэг жишээ дурьдахад зөвхөн өнгөрсөн онд валютын орох урсгал жилийн 40 хувийн өсөлттэй байсан бол гарах урсгал нь 75 хувиар өссөн. Энэ нь валютын цэвэр урсгалын хэмжээ өмнөх оныхоосоо дөрөв дахин буурахад нөлөөлсөн байх жишээтэй. Гэтэл гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс макро эдийн засгийн суурь нөхцөл нь өөрөө төгрөгийн валюттай харьцах ханшийг сулруулсан үндсэн шалтгаан болоод байгааг харуулж байна.

Харин өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдааны алдагдлын хэмжээ 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Шалтгаан нь мөн л импортын өсөлт экспортынхоос 6.7 хувиар илүү байгаатай холбоотой. Хэрэв эдийн засгийн болон улс төрийн хямралаас шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт гацах, багасах, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх зэрэг сөрөг "шок" үүсэхгүй л бол Монголбанкныхан валютын ханшийг тогтвортой бариад байж чадахуйц ажиллаж байгаа гэж хэлж болно.

Товчхондоо Грек, Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдал, хямралын нөлөөлөл Монголыг тойрохгүй. Тойрохгүй байгаагийн гол шалтгаан нь валютын нөөц дэх евро, ам.долларын ханш, төлбөрийн баланс дахь алдагдлын хэмжээ, үйлдвэрлэл багасч, ажилгүйдэл ихэсч байгаатай холбоотой. Тиймээс шинээр байгуулагдсан Засгийн газраас энэ талаар онцгой анхаарч эдийн засгаа хамгаалах, тогтвортой өсгөхийн төлөө маш хурдтай, үр дүнтэй ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна.

У.Оргилмаа
Эх сурвалж: Улстөрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш