Монголд "өөгүй" бөөрөнхий юм юу байна вэ? гэдэг дээр хэсэг саваагүй нөхдүүд ам булаалдан маргалдах нь тэр. Нэг хэсэг нь "Монголд өндөг шиг "өөгүй" юм байх"гүй" гэж мэдэмхийрэв. Харин хэсэг нь "Монголд "өөгүй" юм олон бий. Хар л даа МАХН-д "өө" байна уу? Энэ намаас суудал бүрдсэн УИХ-д "өө" байна гэж үү? Яахав Их Хуралд цөөнхийн "өө"-тэй гэж болох "онцгой дөрвөн гийгүүлэгч" бий л дээ. Эд нар чинь удахгүй ах намынхаа хашир "хандгай"-нуудын арга эвэнд орж, нэг л мэдэхэд хувьсгалт намын "улаан пен"-үүд болчихоод ардчилал ярьдаг амандаа өөх үмхэнэ" гэж онолчирхоно. Үнэндээ хэн гуай ч лавшруулан бодоод үзэхээр МАХН-д ямар ч "өө" алга. Ёстой "хийгүй" ажиллаж байна. Сонгуулийн уриа нь хүртэл "Төрөө хямралаас гаргана. Түмнээ ядуурлаас аварна" гээд аль ч талаас нь авч үзсэн дөрвөлжин бурам шиг "өөгүй" байгаа юм. Өнөөдөр үнэхээр төрийн дээд өндөрлөгүүдийн түвшинд ямар нэг хямрал байтугай, үзэл бодлын ялимгүй зөрчил ч алга. "Эвийн харуулаар харуулдаж, ээдэмцрийн цавуугаар" наасан юм шиг байна. Энэ бол төр хямралаас бүрэн ангижирсны илрэл мөн. Бүх юм амар жимэр. Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлууд ямар ч алдаа, мадаг, зөрчилгүй учир гишүүд бүгд зэрэг ярсхийтэл гараа өргөн батлана. Хаа нэг ерөнхийлөгч хориг тавин төрт ёсны маягийг үзүүлэхийг эс тооцвол бүх юм "ногоон гэрлээр"...
Нөгөө талийгаач яруу найрагч шиг "газар газар" гэж цээжээ дэлдэх эх оронч, ардчиллын алтан үед улсын санхүүг атгаж асан нийтлэлч шиг аливаа асуудалд заавал дотоод эргүүлэгтэй авч үзэхийг эрмэлздэг "эргүү" нөхөр байхгүй учир хурал нэг л налгар. Хууль боловсруулахад үг хэл татлаад байдаг байсан олны танил хэдэн гишүүн нөгөө "халуун тогоо" гэгчид нь "чанагдаж" бүр "нялба болчихоод" хөеөгөө хураачихсан огтоно шиг дуу чимээгүй сууцгаан, УИХ-ын "салхи"-ийг тогтвортой барих гэж хөдөлж ядна. Энэ бол төрийг хямралаас гаргах сонгодог арга л даа. Үүний нөлөөгөөр "шинэков"-ууд "хэлд орохгүй" байсаар бүтэж үхэхээс наахнуур амьтад бүлтгэнэж сууна. Нэг ёсондоо тэдэнд улс төрийн тэвчээр суулгаж байгаа хэрэг. Зарим нэг нь тэвчээр алдан буруу зөрүү дуугарахад нь намын бүлгийн нөхөд битүүхэн "чимхэж" "Эрхэм гишүүн минь энэ суудалд суухад чинь ивээлээ үзүүлсэн хайрт нам дэргэд чинь байгаа шүү" гэж "зүгшрүүлж" өгнө. Харин нөгөө "Онцгой дөрвөн гийгүүлэгч" маань хаа нэг "байнд ч үгүй, банзанд ч үгүй" дуугарах бөгөөд "хүчтэний дэргэд хүчгүй нь буруутан"-ы үлгэрээр Их Хурлын нүргээнт танхимд ишиг майлах лугаа ижил болно. Өнөөдөр УИХ-ын тойм харж суухад хүртэл сэтгэл дэнслэх, эргэцүүлж бодох юмгүй амар болж. Заримдаа телевизээ асааж цахилгаан гарздах ч явдалгүй "УИХ хуралдлаа гэв үү. За, 100%-ийн саналаар л батлаа биз дээ. Манай Их Хурал ямар "өө" гаргах биш. Амьдралд яв, цав тохирох л юм гаргасан даа" гэж бодосхийгээд шууд "Давсанд явчих" жишээтэй. Заримдаа УИХ-ын тойм үзэж суугаад сэтгэл ханан суудал дээрээ дугжрахад Төмөр-Очир дарга духан дээр үнсэх шиг болох нь нэн таатай. Өдөр нь "Цахилгааны мөнгөө яаж төлнө дөө", "Байрны мөнгөө дутуу төлсөн", "Өвөл болох гэж байдаг. Энэ хүүхдүүдийн нь гутал дууслаа" гэх мэтээр дэнсэлж явсан сэтгэл амсхийж Лусын хаан болж зүүдэлнэ. Нэг ёсондоо төр хямралгүй байгаагийн ач буяныг иргэн нь амталж байгаа хэрэг юм даа. Ер нь "өөгүй" төр засгийнхаа үг ярианд шүтэж "Өлссөн ч гэсэн өөх үмхчихсэн юм шиг, өвдөж байсан ч мөнхийн ус уучихсан юм шиг" харайна гэдэг сайхан. Энэ дашрамд хэлэхэд өнөөгийн төр засагт болон цаана нь зогсож байгаа МАХН-д ямар ч "өө" байхгүй. "Амлана. Ар нь түүз л байна шүү дээ". "Өө" гэгч нь ажилгүй аргаа барж яваа залуу, ар гэрээ тэжээхийн тулд хүйтэн цардмал долоох шахам яваа эмэгтэй, тамхи ширхэглэж суугаа эмээ, гэрээсээ дайжсан хүүхдүүд, малаа барж, модоо тулахдаа хот бараадсан "дотоодын цагаачид" зэрэг хүмүүсээс л урган гарч байгаа "хог ургамал" юм. Ухаандаа "өө"-гүй сайхнаар удирдаад байхад ухарч алхаад юм уу, сөхөрч унаад байгаа хөлийг ямар хөл гэх юм бэ? Ийм хөлийг тайрч хаях хэрэгтэй. Одоо ямар 90-ээд он шиг байтугай, Бошигт шиг өлсгөлөн зарлаж эсвэл жагсаал цуглаан зохион байгуулж засаг төрд элдэв шахалт шаардлага тавих амьтан байх биш. Жагсаал цуглаан хийх эрх зүйн нөхцөл нь ч хатуу болсны дээр цагдаа нь амьтныг залхаахдаа л нэг залхаана. Иймд нэргүй хэлмэгдлээр "өө"-тэй амьтдын нэг хэсгийг хусчихад буруудах юм байхгүй. Хожим дахиад л цагаатгалын комисс байгуулчихаад нэг хэсэг нь мөнгө цохино шүү дээ. Уг нь манай хувьсгалт намд энэ талын дадлага байх л ёстой. Нөгөө ардчиллын "алтан хараацай"-нууд маань хэрдээ хөөрхөн бэлжиж авчихаад, ард түмэн өлсөж байна уу? цангаж байна уу? өвдөж байна уу? хавдаж байна уу?...ёстой тоож харахгүй явна. Бас л нэг талаараа "өө" сэв нь арилж байгаа хэрэг байх даа. Тэгээд АНУ мэтийн том гүрэнд очиж он жилээр суурьшаад ирэхээр өндөг шиг "өө"-гүй бөөрөнхий юм болчихоод "Монгол гэж нэг "өө"-тэй амьтдын хуаран байдаг юм" гэж үлгэр ярина.
Энэ бүхнээс санаа аваад үзэхээр Монголд "өөгүй" юм байхгүй гэж мэдэмхийрч байсан хүмүүс нэгийг ойлгох биз.
Бид УИХ шигээ "өө"-гүй ажиллах тутам, унтаж байсан ч хөгжлийн дугуй гацаж зогсох явдалгүй бөгөөд улам хурдаа аван эрчлэх болно. Өлсөнө гэдэг өөрөөс чинь л гарч байгаа "өвчин" учир "өө"-г нь төр засгаас эрэх хэрэггүй. За юу...
Н.Даваадаш