logo
Жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог цөөлөв

Жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог цөөлөв

2012/08/15
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2013 оны төсвийг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газраас оруулж ирсэн саналд УИХ-ын 2013 оны төсвийг 18.6 тэрбум төгрөгт багтаахаар тусгасан байна.

Үүнд УИХ-ын гишүүдийн машины парк шинэчлэхэд 400, өрөөг тохижуулахад 500, намын бүлгүүдэд 800, нийтлэг арга хэмжээнд 637, орон сууцанд 220 сая төгрөг гэх зэргээр төсөвлөжээ. Харин хэлэлцүүлгийн шатанд намын жагсаалтаарсонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог цөөлж, тойргоос сонгогдсон гишүүнийх дээр нэмж өгөх ёстой гэсэн асуудал дээр маргаан дэгдсэн.

Тухайлбал, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Ганхуяг нар “УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явсан.Үүнийг дагаад тойрогт ногдох мандатын тоо цөөрч, тойргоос сонгогдсон гишүүний бие төлөөлөгч нар ачаалалтай ажиллах бол байгаа. Тиймээс намын жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийнх нь тоог нэгээр хасч, намын жагсаалтаар сонгогдсон гишүүний томилолтын зардлыг ч хасах ёстой, яагаад гэвэл тэд тойроггүй учраас орон нутагт очиж ажиллах шаардлага гарахгүй” гэв. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогтын хувьд “Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд тойрогт очиж ажиллахгүй, хариуцлага хүлээхгүй. Хэн хариуцлага хүлээх вэ гэхээр тойргоос сонгогдсон 48 гишүүн хариуцлага хүлээнэ” гэж байлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нарын хувьд “УИХ-ын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсон гэж ялгаварлах нь зохисгүй” гэсэн юм. Харин санал хураалтын шатанд намын жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийг нэгээр хасч, тойргоос сонгогдсон гишүүнийхэд нэмж тусгуулахаар болж шийдвэрлэв. Ингэснээр тойргоос сонгогдсон гишүүн нь гурван бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар, харин намын жагсаалтаар сонгогдсон гишүүн нэг бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар болов. Ингээд гишүүд саналаа хэлж дууссанаар УИХ-ын 2013 оны төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлэхээр болж шийдвэрлэсэн юм.

Д.Цэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш