logo
Израиль Ираныг бөмбөгдөх шийдвэр гаргаагүй

Израиль Ираныг бөмбөгдөх шийдвэр гаргаагүй

2012/08/16
Израиль улс Иранд цохилт өгөх шийдвэр гаргаагүй гэдэгт АНУ урьдын адил итгэлтэй байна гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгджээ.  Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Израилийн эрх баригчид өөрийн гэсэн цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Иран улсад цохилт өгөхөөр бэлтгэж эхэлсэн тухай энэ оны эхээр шуугиж эхэлсэн билээ. Еврейн улсад бодит аюул учруулах цөмийн зэвсэгтэй болох боломжийг Иранд олгохгүй гэж Израилийн Ерөнхийлөгч өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд мэдэгдэж байв. Харин АНУ Тегераны эрх баригчдад хэлэлцээ хийхийг санал болгож, асуудлыг энхийн замаар шийдэх гарц байгаа гэж үзэж байгаа юм. 
"Израильчууд Иранд халдан довтлох шийдвэр гаргасан гэдэгт би итгэхгүй байна. Мэдээж хэрэг Израиль улс тусгаар тогтносон улс учраас аюулгүй байдлаа хангах үүднээс шийдвэр гаргах нь зүйн хэрэг, гэхдээ ийм шийдвэр гаргасан гэдэгт би итгэхгүй байна" гэж Панетта мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Иран улстай холбоотой асуудлыг дипломат аргаар шийдэх АНУ-ын байр суурь хэвээр байгаа гэдгийг тэрбээр мөн мэдэгдсэн байна.
АНУ, Израиль зэрэг хэд хэдэн улс Ираныг энхийн зорилготой хөтөлбөрөөр халхавч хийн цөмийн зэвсэг бүтээж байна гэж сэжиглэж байгаа юм. Харин Тегераны эрх баригчид үүнийг эрс няцаасаар байгаа. Одоогийн байдлаар тус улсад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс авсан хэд хэдэн хориг арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс гадна, хэд хэдэн улсын баталсан тогтоолд цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой гэдгийг нотлохыг шаарджээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш