logo
Обама цагаан ордонд шар айргаа эсгэсэн хэвээрээ гэнэ

Обама цагаан ордонд шар айргаа эсгэсэн хэвээрээ гэнэ

2012/08/16
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг мягмар гарагт Огайо муж улсын сонгогчидтой уулзах үед Цагаан ордны улс төрийн гал тогооны бяцхан нууцуудын нэг задарчээ.  Америкийн Төрийн тэргүүн нийслэл хот дахь өргөөндөө шар айргаа үйлдвэрлэсээр байгаагаар барахгүй улс орон даяар хийх сонгуулийн сурталчилгааныхаа аялалд нөөцөлж байгаа нь мэдэгдсэн байна. 
Өнгөрсөн онд Обамаг эр зоригийн медалиар шагнуулсан америк түрүүчийг өөрийнхөө эсгэсэн шар айргаар дайлах үед түүнийг жижигхэн шар айраг эсгэгч худалдан авч, Цагаан ордонд суурилуулсныг нь дэлхий даяараа мэдсэн билээ. Харин одоо Обамагийн гэр бүл гэрийн шар айргийн үйлдвэрлэлээ эрхэлсэн хэвээрээ байгаа нь тодорхой боллоо.
Мягмар гарагт Обамаг Огайо муж улсын Ноксвилл хотод сонгогчидтойгоо уулзах үеэр нэгэн оршин суугч Цагаан ордны шар айргийн үйлдвэрлэл хэр байгаа талаар Ерөнхийлөгчөөс сонирхоход тэрбээр туслахаараа автобуснаасаа лонх шар айраг авчруулан түүнийг дайлжээ. Шар айрагны шошгин дээр "White House Honey Ale" гэж бичсэн байсан нь Цагаан ордонд үйлдвэрлэсэн болохыг гэрчлэх ажээ.
Үүний дараа сэтгүүлчид Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карнид шар айргийн сэдэвтэй асуултууд тавьж эхэлсэн бөгөөд тэрбээр Цагаан ордонд шар, хар шар айраг үйлдвэрлэсэн хэвээр байгааг хэлсэн байна. "Би зөвхөн шар айргийг нь л ууж үзсэн" гэж Карни ярьжээ.
Шар айрганд дуртай гэдгээ Обама хэзээ ч нууж байгаагүй юм. Тухайлбал, тэрбээр бусад улсын удирдагчидтай спортын янз бүрийн тэмцээнүүдэд авдар шар айргаар бооцоо тавьж байсан удаатай. Огайо муж улсад хийсэн сурталчилгааныхаа аяллын үеэр ч бас хундага шар айраг уухаас татгалзаагүй юм.
Ийнхүү Обама түүхэнд АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч гэдгээр тэмдэглэгдээд зогсохгүй Цагаан ордонд шар айргийн бяцхан үйлдвэрлэл нээсэн Ерөнхийлөгчийн хувиар тэмдэглэгдэн үлдэх нь ээ. Жорж Вашингтон, Томас Жефферсон гэх зэрэг Америкийн анхны Ерөнхийлөгч нар ч мөн өөрсдөө шар айраг эсгэдэг, шар айргийн хорхойтон гэдгээрээ алдартай. Гэхдээ Обамагаас ялгаатай нь тэд өөрсдийн эзэмшил газарт шар айргаа эсгэдэг байжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш