logo
Хүмүүнлэгийн үйлсийг дэмжих кампанит ажилд 100 сая хүн нэгдлээ

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжих кампанит ажилд 100 сая хүн нэгдлээ

2012/08/16
НҮБ-аас дэлхийн улс орнуудад өрнүүлж буй хүмүүнлэгийн үйлсийг дэмжих кампанит ажилд 100 сая гаруй хүн нэгдээд байна. Энэ ажлыг наймдугаар сарын 19-нд тэмдэглэдэг Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн өдөрт зориулжээ. "Би энд байсан" хэмээх ажиллагааг зохион байгуулагчид манай гарагийн оршин суугчдын 1 тэрбумынх нь дэмжлэгийг авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Уг кампанит ажлын албан ёсны цахим хуудас болох http://www.whd-iwashere.org сайтад дэмжигчдийг бүртгэж байгаа ажээ. Одоогийн байдлаар 109,4 сая хүн нэгдээд байна.
"Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуучин Бейонсе Ерөнхий Ассамблейн танхимд ая дуугаа өргөсний дараа кампанит ажил эрс идэвхжиж эхэлсэн" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албан ёсны төлөөлөгч Эдуорда дель Буэй мэдэгджээ. "Грэмми"-гийн шагналт дуучин Бейонсе НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын 1200 гаруй төлөөлөгчийн өмнө "I Was Here" гэдэг хит болсон дуугаа дуулсан байна.
Дуучны дүрс бичлэгийг ирэх ням гарагт үзүүлэх бөгөөд Аддис-Абеба, Дубай, Нью-Йорк гэх зэрэг хотуудад байрлуулсан аварга том дэлгэцээр гаргах ажээ.
Дуучин Бейонсегийн сүүлчийн цомогт нь багтсан энэ дуу нь амь биеэ үл хайрлаж байгаа тухай өгүүлдэг учраас Хүмүүнлэгийн тусламжийн өдрийн урианд яг тохирно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Валери Амос хэлсэн байна. "Би энд байсан" хэмээх кампанит ажил нь хаана оршин байхаас үл хамааран хүмүүнлэгийн үйлст хүн бүр чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм гэж тэрбээр тайлбарлажээ. "Хүн бүр хүмүүнлэгийн үйлст нэгдэж болно. Ингэхийн тулд ердөө тусламжаар дутагдаж байгаа ойр дотныхондоо туслахад л хангалттай" гэж Валери Амос хэллээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн өдрийг тэмдэглэж байх шийдвэрийг гурван жилийн өмнө гаргасан байна. Энэ өдрийг 2003 онд Иракийн нийслэл Багдад хот дахь НҮБ-ын төв байранд халдлага үйлдсэн өдөр тэмдэглэж байхаар тогтжээ. Тухайн үед халдлагын улмаас олон улсын байгууллагын 22 ажилтан амь насаа алдсан байна.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш