logo
Европын стандартыг нутагшуулахад Чехийн туршлага чухал гэлээ

Европын стандартыг нутагшуулахад Чехийн туршлага чухал гэлээ

2012/08/16
УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ийлекийг бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсонд нь УИХ-ын дарга З.Энхболдод Элчин сайд В.Ийлек баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Монгол Улсад Элчин сайдаар ажилласан дөрвөн жил хэдийгээр богино хугацаа ч хоёр талын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирлээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хийгдсэн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. Энэ хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хамтын ажиллагааг сэргээж хоёр удаа хуралдуулсан нь Монгол Чехийн худалдаа, эдийн засгийн харилцаанд мэдэгдэхүйц үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Монгол Улсад Европын холбооны гишүүн дөрвөн улсын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж байгаагийн нэг нь Чехийн Элчин сайдын яам юм. Чех Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монголд хэрэгжүүлж буй жижиг төслүүд маш амжилттай хэрэгжиж байгаа. Тухайлбал усны цэвэршүүлэлт, хайгуулын ажлууд мөн сургууль, эмнэлгийн бохир усны шугам сүлжээг засах ажлыг Хөвсгөл аймгийн Мөрөн, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлээд байна. Европын холбооны зүгээс томоохон төсөл хэрэгжүүлэх санхүүжилт олгогдвол Чехийн туршлагатай мэргэжилтнүүд Монголд ажиллахад бэлэн байгаа . Бидэнд өмнөх үеийн харилцаа, хамтын ажиллагааны арвин туршлага бий. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрээр шинээр томилогдох Элчин сайд монгол орныг сайн мэддэг, туршлагатай, монгол хэлийг чөлөөтэй эзэмшсэн эмэгтэй байгаа гэдгийг энэ дашрамд дуулгасан юм.
В.Ийлекийг Элчин сайдаар Монгол Улсад ажилласан дөрвөн жил үр бүтээлтэй байсан төдийгүй, Монгол Улсын Их Хурлыг Чехийн парламенттай холбоход ихээхэн ахиц дэвшил авчирсныг УИХ-ын дарга үнэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, 2009 онд БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Байгаль орчны байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал цаашид хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эхлэл болсон гэж үзэж байгаа. Чех, Монголын ард түмэн олон арван жилийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн ч цаашид хоёр улсын харилцаанд ашиглагдаагүй боломжууд их бий. Европын стандарт, норм, хэм хэмжээ нь дэлхийн эдийн засаг, технологийн дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдгийг Монголчууд бид хүлээн зөвшөөрдөг. Иймд Европын стандартыг монголд нэвтрүүлэх, нутагшуулахад Чех Улсын туршлага судлах, дэмжлэг авах нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш