logo
Австралийн хууль тогтоогчид тамхи үйлдвэрлэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авлаа

Австралийн хууль тогтоогчид тамхи үйлдвэрлэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авлаа

2012/08/17
Австралийн тамхи үйлдвэрлэгч компаниуд хүнд байдалд орж мэдэхээр боллоо. Учир нь энэ улсын хууль тогтоогчдын гаргасан шийдвэрийн дагуу ирэх 12-р сарын нэгнээс эхлэн бүх янжуур тамхины хайрцган дээр үйлдвэрлэгч компанийн нэр, логог хэвлэхийг хоригложээ. Үүний оронд тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг анхааруулсан утгатай зураг, бичиг л хэвлэгдэх бөгөөд энэ нь тамхидалтыг бууруулахад чухал нөлөөтэй гэнэ. Шинэ хууль тамхи үйлдвэрлэгч компаниудад хүнд цохилт боллоо. "British American Tobacco" болон "Philip Morris" зэрэг компаниуд хайрцаг савлагаатай холбоотой энэхүү хууль нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэмээн эсэргүүцэж байсан юм.
Хууль зүйн сайд Никола Роксон хэлэхдээ "Австралийн дээд шүүхийн шийдвэрийг парламент болон ард иргэд хүлээн зөвшөөрнө. Тиймээс тамхи үйлдвэрлэгч компаниуд шинэ хуулийг дагах цаг нь болсон. Мөн тэд цаашид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхээ болих хэрэгтэй." гэжээ.
Их Британи, Норвеги, Шинэ Зеланд, Канад болон Энэтхэгийн хууль тогтоогчид тамхины хайрцаг савлагаан дээр брэндийн нэр,  логог хэвлэхийг хориглосон заалт бүхий хуулийг нарийн судалж байгаа юм байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш