logo
Пусси Райот тэмцлээ үргэлжлүүлнэ

Пусси Райот тэмцлээ үргэлжлүүлнэ

2012/08/17
Панк рок урсгалаар дуулдаг Пусси Райот хамтлагийнхан тайзан дээр гарсан хойноо ямар ч хэв маягт баригддаггүй гэхэд болно. Энэ хамтлагийн гурван гишүүн өнгөрөгч хоёрдугаар сард Москва хотын сүмд ерөнхийлөгч Путиныг огцрохыг уриалсан утгатай дуу дуулсныхаа дараа шоронд хоригдсон билээ. Шүүх тэднийг буруутай гэж үзвэл гурван жил хорих ялаар шийтгэж магадгүй байгаа юм. Гэхдээ Пусси Райот хамтлагийн бусад гишүүд эрсдлийг үл харгалзан цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байна.
Өөрийгөө ЭЭЖ хэмээн нэрлэсэн эмэгтэй хамтлагийн гишүүд өөр өөр мэргэжилтэй гэдгийг хэлжээ. Тэрээр ярихдаа "Бид өөрсдийн дүрэм журмаа дагах болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болно. Энэ бол шоронд байгаа эгч дүү нарынхаа төлөө хийж байгаа зүйл." гэсэн байна.
Пусси Райот хамтлаг 10-аас 20 гишүүнтэй бөгөөд тогтсон бүрэлдэхүүнгүй гэнэ. Тэд барууны сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ нэрээ хэлэхээс татгалзсан байна. Гэхдээ тэд болзошгүй аюул эрсдлийг бүгд мэдэж байгаа ч хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг амсахад бэлэн гэдгээ хэлжээ.
Терминатор хочтой өөр нэг гишүүн ярихдаа "Хэн ч бидний амыг барьж чадахгүй. Хэн ч биднийг юу хийхийг минь хориглож чадахгүй. Бид зогсохгүй. Засгийн газарт ажиллаж байгаа хэн нэгэн хүн эрх баригчид маш муу зүйл хийж байгааг анзаарна гэдэгт итгэж байна." гэсэн байна. Мөн тэрээр сүмд танхайрсан үйлдэл хийгээгүй хэмээн ярьжээ.
Пусси Райотын гурван гишүүн таван сар гаруй хугацаанд шоронд хоригдоод байгаа. Шүүх ялын тогтоолоо ирэх баасан гаригт танилцуулах юм байна. Яллагч тал тэдэнд танхайрсан хэргээр гурван жилийн ял оноохыг шаарджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш