logo
Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй

Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй

2012/08/18

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг багаа бүрдүүлэхэд бэлэн боллоо. Өөрөөр хэлбэл, эвслийн Засгийн газар албан тушаалын бялуугаа хувааж дууслаа. Шинээр бүрдэж буй Засгийн газар 16 яам, 28 агентлагаас бүтнэ. Харин бүрэлдэхүүний хувьд 19 сайдтай байхаар УИХ-ын чуулганаар баталлаа.

Яамдын тоог нэмэгдүүлж, агентлагийг цөөрүүлснээр энд ажиллаж буй төрийн албан хаагчдын орон тоонд ямарваа нэгэн өөрчлөлт орохгүй гэж тэд үзэж байгаа ажээ. Үндсэндээ нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил юм байх.

Яамдыг салгаж, сайд нарын эрхлэх асуудлыг хооронд нь сольсноор цөөрч буй агентлагуудын ажиллагсад цомхотголд орно гэх айдасгүйгээр ажлаа хийх боломж бүрдүүлж байгаа гэх.

Өмнөх Засгийн газар 11 яам болон 12 тохируулагч, 31 хэрэгжүүлэгч гээд нийт 43 агентлагтай байсан. Тэдгээрт нийт 4600 гаруй хүн ажилладаг. Харин энэ удаагийн эвслийн Засгийн газрын 28 агентлагийн 11 нь  тохируулагч, 17 нь хэрэгжүүлэгч байх ажээ. Гэхдээ татан буулгаж буй 15 агентлагийн хариуцах ажлыг нь салбарын яам, бусад агентлагт хуваарилах юм.

Тодруулбал, Эрчим хүчний газар, Ойн газар, Усны газар, Соёл урлагийн хороо, Биеийн тамир спортын газар, Төмөр замын газар, Авто замын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эрүүл мэндийн газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Төр засгийн үйлчилгээ аж ахуй эрхлэх газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар зэрэг байгууллагыг татан буулгана.

Мөн шинээр таван яам нэмэгдэж байгаа. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам болгон олон чиг үүрэгтэй дөрвөн яамыг салгалаа.

Хэдийгээр нэмэгдэхүүний бай­рыг сольсон ч нийлбэр өөрч­лөгдөхгүй гэсэн зарчмыг баримталж байгаа ч төрийн алба ирэх дөрвөн жилд данхайхгүй гэх баталгаа алга.

Тухайлбал, одоогийн БСШУЯ-ны харьяа Соёл урлагийн хороонд өдгөө 52 албан хаагч ажилладаг. Тэгвэл энэхүү байгууллагыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам болгон өөрчилж байгаа. Тэгэхээр энд 492 хүн ажиллах тооцоо гарчээ. Ингэхээр бялууны үйрмэг ч болтугай хүртэх санаатай хүмүүс санасандаа хүрч, нийтийн алба улам бүр данхайж магадгүй л юм.  

Ядахад  эвслийн  Засгийн газ­рын ард албан тушаал гори­логсод урьд, урьдынхыг бодвол хэд дахин нэмэгдсэн. АН-ын хувьд л гэхэд дотооддоо олон фракцитай. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн зүгээс хоёр намын нөхөд бас тэнцүүхэн хүртэхийг хүсч байгаа биз.

Эцэст нь ганц яам  авсан  ИЗНН-д ч албан  тушаал  ахих со­нир­холтой гишүүн цөөнгүй бий. Ингэхээр Засгийн газрын гишүүд ажлаа авсан ч ард нь “сойлгоотой” байгаа албан тушаал горилогсод хүссэн, хүсээгүй төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх бололтой. 

SHARSONIN.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш