logo
 Шинэ засгийн газрын АН-ын сайдууд ажилдаа орлоо

Шинэ засгийн газрын АН-ын сайдууд ажилдаа орлоо

2012/08/18
УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр буюу наймдугаар сарын 17-нд шөнө дөл болтол хуралдлаа. Үдээс өмнөх хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны дарга болон УИХ-ын АН-ын харьяаллын дэд даргыг сонгосон юм. Харин үдээс хойш Засгийн газрын АН-ын сайдуудыг хэлэлцүүлэн батлуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг шургуу ажиллаж, сайдад нэр дэвшигчдээ холбогдох байнгын хороодоор нь хэлэлцүүлж, дэмжүүлж чадсан юм. Тиймээс үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танхимынхаа сайдуудыг батлуулахаар өргөн мэдүүлсэн учир чуулган цаг сунган хуралдаж, сайдад нэр дэвшигчдийг нэг нэгээр нь нухацтай авч хэлэлцэн, баталлаа. Энэ хооронд яам тамгын газрын ажилтнууд шинэ сайдаа хүлээн авахаар цаг сунган “хүлээлт” хийсэн юм. 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаан хамгийн түрүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай төслийг танилцууллаа. Ч.Сайханбилэгийн ажил хэрэгч, зүтгүү зэрэг олон тууштай талууд Ерөнхий сайдад онцгой таалагдсанаа дуулгалаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болдыг Гадаад харилцааны сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гадаад харилцааны салбарт шинэчлэл хийх чадвартай, танхимын зарчмаар ажиллаж дадсан, туршлага зэргийг харгалзан үзэж, тус албанд томилуулахаар нэр дэвшүүлснээ онцоллоо. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуульч эрх зүйч мэргэжилтэй, “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хууль зүйн салбарын томоохон шинэчлэлийг гардан зохион байгуулж хийсэн, санаачлагатай гишүүн тул Хууль зүйн сайдад нэр дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан эдийн засагч, статистикч мэргэжилтэй, шинэ Засгийн газрын хийх ажил барилга хот байгуулалтын яаманд төвлөрч буй. Тэр дундаа аймаг бүрийг хот болгохын төлөө ажиллах их үүрэг ногдож байгаа, Үүнийг сайдад нэр дэвшигч Ц.Баярсайхан гардаж хийж чадна хэмээн үзэж, итгэл хүлээлгэсэн байна. 
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимын гишүүдээ танилцуулсны дараа МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Ингээд дэгийн дагуу 15 минут завсарласны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайдаар Ч.Сайханбилэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэж баталсан. Монголын улс төрийн тогоонд хар залуугаараа найзтайгаа хөтлөлцөөд шахуу орж ирсэн Ч.Сайханбилэг ирэх дөрвөн Засгийн газрын “холбогч” тоглогчоор ажиллахаар боллоо. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болдыг Гадаад харилцааны сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, улмаар батлав. Л.Болд өмнөх парламентын үед Батлан хамгаалах салбарын сайдаар гурван жил гаруй ажиллаж, багаар ажиллах дадал суусан нэгэн. Тэрээр энэ удаад гадаад харилцааг хариуцаж ажиллахаар боллоо. Гэхдээ түүнийг энэ салбарыг толгойлох сургаар Л.Болд бас арай л энэ салбарт сайн нэр авчрахгүй гэдэг шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Гэсэн ч галт тэргэндээ суугаад хөдөлчихлөө. 
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг 100 хувийн саналтайгаар Хууль зүйн сайдаар томилохыг дэмжлээ. Улс төрийн түүх нь хэрүүл зарга үүсгэж, олны хараанд өртсөнөөр эхэлж байсан тэрээр энэ удаад хэрүүлч, заргач, долоо буудуулсан Ц.Нямдоржийн оронд ажиллахаар болов. Хэр ажилласныгш хэдэн жилийн дараа хамгийн түрүүнд Ц.Нямдорж шүүн хэлэлцэнэ. 
Дараагийн хэлэлцэх асуудлын сэдэв болсон хүн нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан. Тэрээр Барилга, хот байгуулалтын сайдаар дэмжигдсэн. Үг дуу цөөнтэй, өнгө зүс хөөгөөд байдаггүй, хариуцсан ажлаа хэл үггүй хийчихдэг, Өмнөговиос гурав дахь томилолтоо авсан тэрээр хариуцлагатай салбарыг толгойлох боллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилохыг УИХ дэмжлээ. Ингэснээр Өмнийн говиос сонгогдсон хоёр гишүүн гүйцэтгэх засаглалд хүчээ өгөхөөр болов. МАН-ын гишүүд чуулганыг орхин гарч хуралдаанд оролцохгүй ч сайд нарын томилгооны асуудал шуурхай батлагдсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдад УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг томилох асуудлыг гишүүд санал нэгтэй дэмжиж баталлаа. Ард түмний мөнгийг хэмнэх уриа дэвшүүлж, залуу хүний нүдээр аливаад нухацтай ханддаг тэрээр ирэх дөрвөн жилд Боловсролын салбарыг өөд татах өндөр хариуцлага үүрлээ. Үүний дараа Зам тээврийн сайдаар А.Гансүхийг томилох асуудлыг хэлэлцэж, 38 гишүүн дэмжиж баталлаа. Тэрээр өмнөх засгийн үед Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж ирсэн. Хариуцлага өндөртэй, ажил хэрэгч тэрээр энэ удаад Замын салбарыг өөд татах мандат авав. Энэ засгийн үед хамгийн оновчтой бөгөөд ард түмэн, тэр дундаа урлаг, спортын салбарынхны хүсэн хүлээж байсан шийдэл нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулсан явдал боллоо. Харин энэ салбарын сайдаар чөлөөтэй сэтгэдэг, чадварлаг, Монгол улсын эмэгтэй улс төрчдийн хүрээнд өнгөлөх байр суурь эзэлдэг Ц.Оюунгэрэл салбарын сайдаар томилогдсон нь нүдээ олсон сонголт боллоо. Мөн Уул уурхайн сайдаар Д.Ганхуягийг томилохыг УИХ-ын гишүүд санал нэгтэй дэмжин баталлаа. Ингэснээр энэ Засгийн газрын сайдуудын чансаа гологдохооргүй гэдэг үнэлгээг ард түмнээс авахад зохих хувиар нөлөөлсөн томилгоо болж чадав. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулгыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжиж, баталлаа. Түүний хувьд амбиц өндөртэй, хор эмийг жорыг нь тааруулж хэрэглэдэг, мэдэрэмжтэй нэгэн болохын тухайд энэ салбарт юм хийж чадах хүн гэж үзэж болох юм. Харин хэрхэн ажилласныг нь мөнөөх Ц.Нямдорж хамгийн түрүүнд хэлээд өгнө. Үүний дараа  УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг Хөдөлмөрийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр баталлаа. Хэзээнээсээ чигч, хөдөлмөрч, олонтой нийцтэй тэрээр энэ салбарт ахиц гаргана гэж УИХ үзсэн байна. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар, УИХ-ын гишүүн Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар тус тус томиллоо. Ийнхүү АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн 13 сайдыг хэлэлцэж томиллоо.
Ингээд АН-аас томилогдсон шинэ сайдуудын товч намтарыг эрхэм уншигч танд хүргэе. 
 
Шинэ засгийн сайдуудын товч намтар
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг
Чимэдийн Сайханбилэг нь 1969 оны хоёрдугаар сарын 17-нд төрсөн. Тэрээр 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр, англи, орос хэлтэй.  Ч.Сайханбилэг 1991 онд Монголын Залуучуудын Холбоонд ажилтан, 1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2008 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Тэрээр 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одон, 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагджээ. 
 
Гадаад харилцааны сайд Л.Болд
Лувсанвандагийн Болд 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль, 1981 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн. Орос,  англи,  герман,  франц хэлтэй. Тэрээр 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч, 1984-1989 онд МYЭ-ийн төв зөвлөлд зааварлагч, 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн, 1993-1996 онд *Бодь интернэшил* группийн ерөнхийлөгч, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга, 1999-2000 онд ОУПХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, ОУПХ-ны Ази номхон далайн бүсийн дарга, 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч, 2000-2004 онд Голомт банкны ТУЗ-ын дарга, 2004-2008 онд АМХЭГ-ын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Л.Болд 2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон, 2005 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон, 2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагджээ. 
 
Хуулзүйн сайд Х.Тэмүүжин
Хишигдэмбэрэлийн Тэмүүжин нь 1979-1989 онд Төв аймгийн хоёрдугаар дунд сургууль, 1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.Тэрээр 1998 оноос МУИС-ХЗСургуульд багш, 2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн, 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. 
 
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
Цэвэлмаагийн Баярсайхан нь 1962 оны дөрөвдүгээр сарын 24-нд төрсөн. 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр, 1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Орос, англи хэлтэй. Докторант зэрэгтэй. Тэрээр 1986-1989 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн, 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд хэлтсийн дарга, 1990-1992 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1996-1998 онд УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2011 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Ц.Баярсайхан 1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 1997 онд Хүнс, ХАА-н тэргүүний ажилтан, 2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
Лувсаннямын Гантөмөр нь 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дүгээр дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Японы Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Япон, англи, орос хэлтэй. Тэрээр 2000-2004 онд *Сэтгэшгүй трейд* ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Л.Гантөмөр 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор тус тус шагнагдсан. 
Зам тээврийн сайд А.Гансүх
Амаржаргалын Гансүх 1966 онд төрсөн. Тэрээр 1984 онд Нийслэлийн арван жилийн 52-р дунд сургууль, 1986 онд МУИС-ийн орос хэлний бэлтгэл, 1997 онд МУИС-ийн хуульзүйн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хуульзүйн магистр, агли, Орос хэлтэй. А.Гансүх 1997-2000 онд ТӨХ-ны Хууль эрх зүйн албанд хуульч, Хамтарсан үйлдвэрийн газрын хуулийн мэргэжилтэн, 2000-2002 онд ХХБ-ны Тамгын газрын захирал, 2002-2004 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2004-2006 онд ТӨХ-ны хууль эрх зүйн газрын дарга, 2006-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, 2008-2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, 2012 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байна. Тэрээр АН-ын ГЗ-ийн гишүүн, ҮЗХ-ны гишүүн сонгуульт ажилтай. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ 1963 онд төрсөн. 1971-1981 онд Өмнөговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1986 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын их сургуулийг улс төр судлаач, философич мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх удирдлагын дээд курс, 1994 онд АНУ-ын Клорадогийн Боулдэрийн эдийн засгийн институтын Эдийн засаг, менежментийн курсыг тус тус төгссөн. Философийн ухааны доктор цолтой, Орос, англи хэлтэй. Тэрээр 1986-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн багш, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 1990 оноос “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна. Д.Бат-Эрдэнэ АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Монгол 999” үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдлийн ТУЗ-ын даргын сонгуульт ажилтай. Тэрээр Алтангадас одон, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.   
 
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
Нямжавын Батбаяр 1977 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль Эдийн засагч- статистикч мэргэжлээр, 1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургууль тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, орос, англи хэлтэй. Тэрээр 1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч дарга, 1992-1999 онд “Монгол түлхүүр” ХХКомпанийн захирал, “Фортуна” группийн ерөнхийлөгч, 1999-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2000-2004 онд “Монгол түлхүүр” ХХКомпанийн захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Н.Батбаяр 2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагджээ. 
Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
Халтмаагийн Баттулга нь 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр 1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач, 1990-2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал, 1997-2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал, 1999-2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал, 2004-2008 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Х.Баттулга 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагджээ. Тэрээр орос,  англи хэлтэй. 
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Даваажавын Ганхуяг нь 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль, 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институт тус тус төгссөн. Орос, англи, япон хэлтэй. Тэрээр 1989-1991 онд “Говь” хувьцаат компанид технологич инженер, 1991-1993 онд “Бридж” ХХКомпанид дэд захирал, 1993-2004 онд “Бридж” группийн ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Д.Ганхуяг 2003 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. 
 
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
Цэдэвдамбын Оюунгэрэл 1983 онд Хөвсгөл аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1988 онд Свердловскийн УААДСургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Бизнесийн удирдлагаар магистр,  Олон улсын бодлого судлалаар магистр хамгаалсан. Англи, орос хэлтэй. Тэрээр 1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн, 1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжын хэлтэст хэлтсийн дарга, 1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер, 1998 онд МУ-ын Ерөнхий сайдын шадар туслах, 1998-2000 онд УИХ дахь МҮАН-МСДН-ын бүлэг, бүлгийн ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2000-2004 онд “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2006 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, 2007 оноос “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, 2008-2009 онд “Өү-Жи-И” компанийн захирал, 2009-2010 онд МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, 2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Ц.Оюунгэрэл 2009 онд Алтангадас одонгоор шагнагджээ. 
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
Ядамсүрэнгийн Санжмятав нь 1960 оны нэгдүгээр сарын 3-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Тэрээр 1981 онд Дархан хотын политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль мал зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй. Я.Санжмямав 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын дарга, 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, Интер-М нэгдлийн захирал, 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгч, 1997-1998 онд МУ-ын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1999 оноос МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга, 1999-2000 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга, 2000-2007 онд Завхан аймгийн ардчилсан намын дарга, 2003 оноос Алтан гадас ассоциацийн захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2007-2008 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2008-2012 онд Завхан аймгийн засаг дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Тэрээр 1996 онд Алтангадас одон, 2000 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2007 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан, 2011 онд Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2011 онд Статистикийн бүртгэлийн тэргүүний ажилтан, 2012 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтанаар тус тус шагнагджээ. 
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
Содномзундуйн Эрдэнэ 1981 онд Улаанбаатар хотын 75-р сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр, 
1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй. Хууль зүйн ухааны магистр. Тэрээр  1990 оноос Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга, 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд МХЗЭ-ийн хорооны дарга, 1990-1992 онд Нийслэлийн МоАН-ын зөвлөлд Улс төрийн ажилтан, 1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан, 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, 2000 онд МоАН-ын дарга, 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга, 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2005-2011 онд Нийслэлийн АН-ын дарга, 2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Тэрээр 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Ардчилсан хувьсгал ялсаны 20 жилийн ойн медалиар тус тус шагнагджээ. 
 
Бэлтгэсэн Ш.Булга
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш