logo
 Aнглийн шүүх суумгай эрийн амиа егүүтгэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Aнглийн шүүх суумгай эрийн амиа егүүтгэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

2012/08/18
Бараг бүх бие нь мэдээгүй болсон Тони Никлинсон эмчийн тусламжтайгаар нүд анихыг хүсч байсан юм. 58 настай Никлинсон "Эвтанази" буюу өвчин зовиураа эцэс болгохын тулд зориудаар амиа егүүтгэх хүсэлтээ шийдвэрлүүлэхээр Лондоны дээд шүүхэд хандаад байжээ. Гэхдээ шүүх түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна.
Никлинсоны эхнэр Жэйн ярихдаа "Түүний гаргаж байгаа үйлдлээс үнэхээр гутралд орсныг нь харж байгаа байх. Шүүгч нар нөхрийн маань нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байсан. Шулуухан хэлэхэд тэд тэгсэнгүй" гэжээ. 
Никлинсон идэвхитэй амьдралаар амьдардаг нэгэн байжээ. Харин 2005 онд тэрээр цус харвасан байна. Одоо тэрээр нүдээ анивчиж, хоол идэхээс өөр зүйл бараг хийж чадахгүй болжээ. Эхнэр Жэйнийх нь хэлж байгаагаар тэд Дубайд амьдарч байгаад буцаж ирснээс хойш нөхөр нь  өвчин шаналалаа эцэс болгох зорилгоор амиа егүүтгэх талаар бодож эхэлсэн байна.
Жэйн ярихдаа "Нөхөрт маань жам ёсоор нүд аньтлаа ийм байдалтай амьдрах, эсвэл хоолноос татгалзах гэсэн сонголтууд байна. Гэхдээ бид дээд шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байна" гэжээ. 
Английн хуулинд зааснаар хэн нэгнийг амиа хорлоход нь туслах нь гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт буруутай нь тогтоогдсон хүн дээд тал нь 14 жил хоригдох ял сонсдог. Гэхдээ өвчин зовиураа эцэс болгох зорилгоор бусдын тусламжтайгаар амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг Швейцарь улсад 1992 оноос хойш Английн 100 орчим иргэн өөрийн хүсэлтээр хорвоог орхижээ. 
Өвчин зовиураа эцэс болгох зорилгоор бусдын тусламжтайгаар зориуд амиа егүүтгэхийг Эвтанази гэдэг байна. 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш