logo
О.Цолмон:Миний нөхрийн улс орон, ард түмнийхээ төлөө хийсэн бүтээснийг яаж ч баллах гээд боломжгүй ил тод

О.Цолмон:Миний нөхрийн улс орон, ард түмнийхээ төлөө хийсэн бүтээснийг яаж ч баллах гээд боломжгүй ил тод

2012/08/18
МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон өнөөдөр Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт болон Ерөнхий прокурорт хандан хүсэлт илгээсэн байна.  Хүсэлтүүдийг бүрэн эхээр хүргэе.
  
Монгол Улсын Дээд шүүхийн дарга Ц.Зоригт

Миний нөхөр Н.Энхбаярыг 2012 оны 4-р сарын 12-13-нд харгис балмадаар баривчилснаар болон түүнээс хойшхи үйлдлүүд нь хүний эрх , эрх чөлөө, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байгаа билээ. Та хуулийг, туршлагатай шүүгч хүний хувьд шүүгч Оюунтуя, Соёмбо-Эрдэнэ нарын хорих хугацааг сунгаж байсан тогтоолууд нь хүний эрхэм дээд үнэт зүйлс болох хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийг хүндэтгэх бус харин халдах, гишгэх үйлдлүүд байсныг ойлгож байгаа гэж найдаж байна.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл энэ талаар байр сууриа илэрхийлсээр байтал Соёмбо-Эрдэнэ ардчилсан шүүхийн үнэт зүйлсийг бус өөр зарчмыг баримталдаг нь тодорхой байна. Миний нөхрийн бие мах бодид ноцтой хүндрэл өөрчлөлт гарч бие нь улам муудаж байгаа бөгөөд энэ нь өлсгөлөнгийн үр дагвар уу, эсвэл баривчилгааны үед болон түүний дараах хоригдох хугацаанд гадны нөлөөнөөс үүссэн хорт үр дагавар уу гэдгийг одоохондоо ялгаж тогтоогоогүй бөгөөд үүнийг тогтоох боломжийг шүүгч олгоогүй билээ. Бие нь тэнхэрч, өчүүхэн ч гэсэн тамир тэнхээ авах боломжийг ч Соёмбо-Эрдэнэ олгоогүй билээ. Хөдөө орон нутагт, цэвэр агаарт тэнхээ тамир суух боломжийг хотын гортиг орхиж болохгүй шийдвэрээрээ, нөхөн сэргээх хугацааг хааж яаравчлан шүүх хурал зарласнаараа шүүгч нь хүний эрүүл мэнд, амь насанд тоомжиргүй ханддагаа харуулсан бөгөөд энэ нь манай бүх шүүгчдийн төрх гэж бодохгүй байна.


Миний нөхрийн улс орон, ард түмнийхээ төлөө хийсэн бүтээснийг яаж ч баллах гээд боломжгүй ил тод бөгөөд миний нөхрийн хувь заяа ард түмний хувь заяатай салшгүй холбоотой болсныг ойлгож байгаа биз дээ.
Н.Энхбаярын бие махбодь сэргэж хэвийн байдалд орох цаг хугацаа өгөлгүй хорьсноор бие нь улам муудаж амь насанд нь аюул учирч байгаа бөгөөд энэ бүхний үндсэн дээр гэр бүл, найз нөхөд, дэмжиж буй хүмүүс улс төрийн зохион байгуулалттай аллага явагдаж байна гэж дүгнэж байгаа бөгөөд таныг Дээд шүүхийн дарга байх хугацаанд Монголын шүүгчид үүнд оролцож байна гэж бодох үндэслэл бүү гараасай гэж бодож байна.

2012.08.16 О.Цолмон

 

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт


Миний нөхөр Н.Энхбаярыг 2012 оны 4-р сарын 12-13-нд харгис балмадаар баривчилснаар болон түүнээс хойшхи үйлдлүүд нь хүний эрх , эрх чөлөө, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байгаа билээ. Прокурорын байгууллагаас энэ бүхэнд ямар ч хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж дүгнэж байгаагаас харахад таны хариуцаж байгаа байгууллага энэ бүхнийг өөгшүүлж дэмжиж байгаа нь илэрхий байна.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл энэ талаар байр сууриа илэрхийлсээр байтал прокурорын байгууллага өөрийн байр сууриа хамгаалсаар байгаа байдал нь таны үед Монголын прокурорын байгууллага хүний эрхэм дээд үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийг хүндэтгэх бус харин өөр байр сууринаас хандаж байгааг нотолож байна.

Миний нөхрийн бие мах бодид ноцтой хүндрэл өөрчлөлт гарч бие нь улам муудаж байгаа бөгөөд энэ нь өлсгөлөнгийн үр дагвар уу, эсвэл баривчилгааны үед болон түүний дараах хоригдох хугацаанд гадны нөлөөнөөс үүссэн хорт үр дагавар уу гэдгийг одоохондоо ялгаж тогтоогоогүй бөгөөд үүнийг тогтоох болмжийг таны хариуцаж байгаа байгууллага олгохгүй гэдгийг ойлгож байсан тул энэ тухай танд хүсэлт гаргаагүй билээ. Шүүх хурлын үед яллагч прокуроруудын байр суурь ч үүнийг нотолсон.
Н.Энхбаярын бие махбодь сэргэж хэвийн байдалд орох цаг хугацаа өгөлгүй хорьсноор бие нь улам муудаж амь насанд нь аюул учирч байгаа бөгөөд энэ бүхний үндсэн дээр гэр бүл, номын нөхөд, дэмжиж буй хүмүүс улс төрийн зохион байгуулалттай аллага явагдаж байна гэж дүгнэж байгаа бөгөөд таны хариуцаж байгаа байгууллага үүнд оролцож байна гэж бодох үндэслэл бүү гараасай гэж бодож байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш