logo
Залбирах юм   /Хошин өгүүллэг/

Залбирах юм /Хошин өгүүллэг/

2012/08/20
Манай байгууллага гэж дарга тэсгээдэггүй газар. Овоо нэгийг нь дээш нь аваад арилна, олиггүй нэг нь "онхолдоод" өгнө. Хүмүүст ая тал засч мэддэггүй мань мэт нь заримдаа шинэ даргынхаа барааг харж амжилгүй алдана. Гэтэл бас нэг шинэ дарга ирээд бидэнтэй уулзалт хийж, хамт олныхоо авьяас чадварт түшиглэж ажиллах ухааны юм ярьдаг байна шүү. Олны дундаас нэг нь:
-Дарга та өөрөө ямар авьяастай вэ? гэж зориг муутай нь аргагүй асуувал,
-Нийтийн бүжиг... гэж амандаа гүвтнэв.
Орой ажил тарах үеэр мэдээллийн самбар харвал манай дээр нийтийн бүжгийн дугуйлан ажиллуулах, заавал бүх хүн оролцох, долоо хоногт гурван удаа бүжгийн үдэшлэг явуулах, үдийн завсарлагааны цагийг бүжиглэж өнгөрүүлэх тухай зарлал гаргачихаж. Ингээд бүгдээрээ бүжиглэж эхлэх нь тэр. Өрөө бүрээс л нийтийн бүжгийн ая хангинана. Зарим нь гудамд явахдаа буруу, зөв эргэх дасгал хийж харагдана. Байгууллагын хашаанд зоосон цагаан хоолойгоор найман цагийн турш бүжгийн ая цуурайтна.
Цайны газарт "Вальс" шөл, "Үнэгэн шогшоо" хуурга, "Хүмүүн төрөлхтөн" хэмээх гурилтай хоол бий болж, амаа олохгүй идэцгээж, зарим нь даргын урдуур гүйж очоод нэмүүлж харагдана. Бүжгийн хүчинд турах янзтай байсан зарим лагс биетнүүд шинэ нэрийн хоолноос болж буцаад өөхөлж эхэллээ.
Дарга даргыг дагаж гүйсээр "Жаагийн тоодгор" хоч авсан Соль гуай ууган ачдаа "Жаахан Дулмаа" гэж нэр өгөөд биднийг урьж хөлтэй найр хийв ээ. Халсан хүмүүс шинэ даргыг тойрон шавж, "авьяас л хамт олныг бүрэлдүүллээ" хэмээн ам уралдуулна. Сүүлдээ даргын морилсон тусгай өрөөнд бүжиг эргэцгээж, шил савтай юмаа татаж, идээг ууцтай нь онхолдуулав.
Гэтэл угаас цөөн үгтэй дарга маань салхинд дээвэр нь дэрвэсэн салбархай гэрийг ганцаараа тогтоохын адил хүч гаргаж байж шуугианыг арай гэж намдаагаад,
-Нөхөд минь арай дэндэж байна. Энэ бүжгийн дэврүүн сэтгэлгээгээ орхи! гэж зандрав. Ихэнх хүмүүс тэр дороо цоо эрүүл болж, таран одоцгоов.
Маргаашаас нь байдал өөр болж, бүгд л даргыгаа муулж эхэллээ. Бүжиг гэхээс шилбэ нь янгинаж, дотор муухайрч, толгой эргэдэг болов. "Ажил ердөө хийгээгүй, дандаа бүжиг хийлгэдэг болгосон" гэж даргыгаа дээшээ матаад бас халуулчихлаа. Одоо оронд нь ямар авьяастай дарга ирэх бол? Усанд сэлдэг хүн л битгий ирээсэй. Тэгвэл нэг хэсэг хүмүүс усанд живж үхээд хүн хэрэгт хийчихнэ гэж дотроо залбирах юм!

Л.Одончимэд 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш