logo
Бразил залуугийн толгойг 1.8 метр төмөр нэвт сүлбэжээ

Бразил залуугийн толгойг 1.8 метр төмөр нэвт сүлбэжээ

2012/08/20
Бразилд 24 настай барилгачин залуугийн дээрээс 1.8 метр урттай нарийн төмөр унаж, толгойг нь нэвт сүлбэжээ. Гэвч тэрээр азаар амьд гарсан байна. Рио Де Жанейро хотын Мигуэл Коуто эмнэлгийн эмч Луиз Эссинжерийн хэлснээр эмч нар таван цагийн турш мэс ажилбар хийж, Эдуардо Лэйтегийн гавлыг сүлбэсэн төмрийг амжилттай авчээ. Мэс ажилбарын дараа Лэйтегийн ухаан санаа хэвийн, биеийн байдал нь сайн байгаа аж.
Эмч Эссинжер хэлэхдээ "Эдуардо Лэйте эмнэлэгт ухаан алдаагүй ирээд, өөрт нь юу тохиолдсон талаар ярьсан нь биднийг гайхшруулсан. Тэрээр амьд гарсан нь үнэхээр гайхамшиг" гэжээ.
Баригдаж дуусаагүй байгаа барилгын таван давхраас доош унасан төмөр Лэйтегийн хамгаалалтын малгайг нэвтэлж, түүний гавлын ясыг араас нь сүлбэсэн байна. Нарийн төмөр барилгачин залуугийн хоёр нүдний дундуур гарч иржээ.
Энэ осол лхагва гаригт болсон бөгөөд пүрэв гаригт Лэйте ухаан эрүүл, хоол ундаа хэвийн идэж байсан байна. Гэхдээ тэрээр бага зэрэг өвдөлт мэдэрч байснаа хэлжээ. Түргэний эмч нар түүнийг авч явах үеэр нэгэн мэс засалч гар утсан дээрээ түүний зургийг авсан байна. Эхнэр нь уг зургийг хараад нөхрийгөө амьд гарсанд итгэж чадаагүй гэнэ.
Тэрээр ярихдаа "Нөхөр маань түргэний машин дотор толгойд нь төмөр зоогдчихсон, нүүр нь нил цус болчихсон байгааг харсан. Гэхдээ юу ч болоогүй юм шиг байж байсан нь үнэхээр итгэмээргүй байсан" гэжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш