logo
Би юунд ч баригддаггүй, хүссэнээ л хийдэг

Би юунд ч баригддаггүй, хүссэнээ л хийдэг

2012/08/20
“Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт есдүгээр сарын 29, 30-нд болох гэж байна. Энэ хамтлаг Д.Батсүх, А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн, Т.Хангэрэл гэсэн дөрвөн өөр өнгө, дөрвөн өөр ертөнцөөс бүрддэг.
Тэдний дундаас Хаянаа хамгийн хувьсамтгай өнгө мэт харагддаг. Уран бүтээлч, нийгмийн идэвхтэй иргэн, улстөрч, бизнесмэн гээд өргөн хүрээнд зүтгэж яваа энэ залуу хувьсамтгай харагдахаас ч өөр аргагүй.
-Тоглолтын бэлтгэл, цомгийн ажил гээд зав муутай байгаа ч бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасанд баярлалаа. Ажил бүтэмжтэй юу?
-“Бид” дууныхаа клипийг шинэчилж хийж байгаа. Өнөөдөр Хаазаа бид хоёр хошин шогийн “Маск” продакшны зураг авалт дээр ажиллалаа.  Манай хамтлаг Сүхээ, Дээгий, Хаазаа, Хаянаа гэсэн энэ бүрэлдэхүүнээрээ уран бүтээл туурвиад 15 жил болжээ. Өмнө нь өөр бүрэлдэхүүнээр уран бүтээл хийсэн жилүүдийг оролцуулбал “Номин талст” хамтлаг 20-иод настай болчихож. 
-Тоглолтын бэлтгэл хэр явагдаж байна?
-15 жил хийсэн ажлаа алдаа мадаггүй, мэргэжлийн өндөр түвшинд хийхийн тулд бид дадлага туршлагатай, чадвартай уран бүтээлчдээр баг бүрдүүлсэн.
Тухайлбал, манай тоглолт болон цомгийн ерөнхий продюсерээр гитарчин Д.Өлзий-Орших ах маань ажил­лаж байна. Хүн бүр чадах ажлаа дааж аваад, гүйж л явна.
-15 жилийн турш та бүхний үнэнч шүтэн бишрэгч байсан үзэгч, сонсогчдодоо зориулан гэнэтийн бэлгүүд бэлдсэн л биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд “Баярлалаа” гэж хэлэх хүмүүс бол яах аргагүй бидний үнэнч үзэгч, сонсогчид. Мөн уран бүтээлийг маань дэмжиж, байнга тусалдаг байгууллагууд, дотны найз нөхөд, ах, эгч наргүйгээр бидний уран бүтээлийг төсөөлөх аргагүй.
Нүсэр гэж хэлж болохуйц бүрэлдэхүүнтэй тоглолт болно. Тоглолтын маань хөтөлбөр “Номин талст” хамтлагийн 15 жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийн сор болсон дуунуудаас гадна шинэ гаргасан, тайзнаа анх удаа дуулагдах нэлээд хэдэн дуунаас бүрдэнэ. Гэнэтийн бэлгээ урьдчилаад хэлчихвэл хүмүүсийн дунд асар том хүлээлт үүсчихдэг. Тиймээс үзэгчдийг хөгжөөх, байлдан дагуулах гэнэтийн бэлгүүдээ нууцалмаар байна.
-15 жилийн ойгоо тэмдэглэхээр баяр хөөртэй яваа энэ өдрүүдэд хамтдаа өнгөрүүлсэн жилүүдийнхээ алдаа, оноог ч мөн дүгнэн цэгнэж суугаа байх?
-Дандаа онож, 100 хувь азтай байсан гэж хэлж чадахгүй. Алдаж, оносон зүйл олон бий. 1997 онд “Гэрэл сүүдэр” тоглолтоо хийчихээд, хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан маань бидний хувьд маш том алдаа болсон.
Тэр үед Мөнхөө, Ганболд гэдэг хоёр найз маань бидэнд уран бүтээл хийх эрч хүч өгч, “Номин талст”-ыг эргэж нэгдэхэд маш том үүрэг гүйцэтгэсэн. Найзууд маань биднийг өөрсдийн хүүхдүүд шиг халамжилж, уран бүтээлд маань эргүүлж оруулаагүй бол “Номин талст” өнөөдөр 15 жилийн ойгоо тэмдэглэх гээд явж байх ч уу, үгүй ч үү.
-Тэгвэл ололт нь?
-Бид дөрөв нэгдэж, “Номин талст” хамтлагийг байгуулсан нь хамгийн том ололт байсан. 15 жилийн турш хамтдаа байж, нэг зорилгын төлөө нэг хүн шиг зүтгэсэн найзуудаараа бахархаж байна.
Бидний дуунууд ямар ч насны хязгааргүйгээр бүх хүний сэтгэл зүрхэнд хүрч байснаар “Номин талст” хамтлагийн уран бүтээлийн чанар чансаа илэрхийлэгдэх болов уу. Тиймээс ч бид “Номин талст” хэмээх нэрийг Монголын рок поп, орчин үеийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх хэмжээнд хүргэж чадсан. Энэ нэр хүндийг өндөрт өргөж явахын тулд дор бүрнээ хичээсээр өнөөдрийг хүрлээ.
-Гэвч хамтын уран бүтээлдээ завсарлага аваад гурван жил гаруй хугацааг ардаа үдлээ. Хэрэглэхгүй удвал авьяас хүртэл зэвэрдэг гэдэг шүү дээ?
-Хамтын уран бүтээл тасалдсан болохоос биш бидний бие даасан уран бүтээл зогсоогүй. Мөн арав гаруй жил хамтдаа дуулсан хүмүүсийн хувьд уран бүтээлийн зэврэлт явагдахгүй гэж бодож байна. Одоо гаргаж байгаа шинэ цомог маань үүнийг гэрчлэх байх.
-Та хэдийгээр бие даасан уран бүтээл хийж байсан боловч нийгэм, улстөр, бизнесийн салбар руу нэлээд хэлбийсэн?
-Хамтлагийн уран бүтээл завсарласан хугацаанд бид ярилцаж тохирсныхоо дагуу өөрсдийн итгэл үнэмшлийг дагаж, сонирхсон ажлаа хийсэн. Одоо ч хийгээд л явж байна.
Миний хувьд залуу хүн гэдэг утгаараа эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч байгаа залуучуудтайгаа дуу хоолойгоо нэгтгэж, санал бодлоо солилцож, Монгол Улсынхаа ирээдүйн хөгжилд залуу хүмүүсийн оролцоог идэвхжүүлье гэсэн бодолтой байсан. Түүнээс биш Улсын Их Хуралд нэр дэвшиж, сайд, дарга болох гэсэн зорилго байгаагүй.
Гэхдээ хааяа зарим нэг зүйлд сэтгэл эмзэглэж, иргэний хувьд бухимдахдаа “Яагаад би улстөрч болж болохгүй гэж” гэсэн бодол төрдөг л юм.
-Урлагийнхныг өөр салбар руу урвахаар үзэгчид таатай хүлээж авдаггүй шүү дээ?
-Урлагийн хүн гэхээр л зөвхөн уран бүтээлээ хийгээд явж байх албагүй. Урлагаас улстөрд гарсан хүн олон бий. Манайхан л дуучин хүн зөвхөн дуулах ёстой гэсэн баригдмал ойлголттой байдаг юм болов уу.
Эрч хүчтэй, залуу насандаа эх орныхоо төлөө хийж чадах юу байна. Тэр бүхний төлөө биеэ зориулах хэрэгтэй. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хувийн бизнестээ илүү анхаарал хандуулж байна.
-Таны “Great paragon” группт газар тариалан, уул уурхайн компани багтдаг. Түүнчлэн “Акуа Монгол” нэртэй усан парк байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ олон бизнесийн суурь хаанаас үүсэлтэй вэ?
-Үйл ажиллагааны суурь тавьсан зүйл нь миний халаасанд байна. Халаасаа нимгэлчихэлгүй, зузаатгах гээд л зүтгэж явна.
-Таны эрхэлж байгаа ажил, хийж байгаа зүйлс их өргөн хүрээг хамрах юм?
-Манай найзууд “Бие чинь яаж хүрэлцдэг юм бэ” гэдэг. Гэхдээ хүргэж болно оо, болно. Нийгмийн идэвх маань иргэн хүний эмзэглэлээс үүдэлтэй байдаг бол бизнес хийх зорилго амьдралаас урган гарч ирдэг.
Урлагийн буянаар сурсан сургууль, үзэж харсан газар маань их өөр. Тиймээс сурч мэдсэн өчүүхэн зүйлээ эх орныхоо хөгжлийн төлөө боломжтой салбарт нь хэрэгжүүлэх эрмэлзлээр дүүрэн байдаг.
-Их ажил хэрэгч хүн юм. Гэр бүлдээ зарцуулах цаг зав гаргаж чадаж байна уу?
-Хамгийн завгүй юм шиг хэрнээ огт хийх ажилгүй мэт хүн шүү дээ. Гэхдээ гэр бүл, эрүүл мэнддээ цаг зав гаргалгүй яах вэ. Амжихгүй гэж бодвол юу ч амжихгүй. Амжуулъя гээд зүтгэвэл бид их завтай хүмүүс.
-Таныг салбар бүр рүү “хөлбөрөөд” байхаар хүмүүс их хувьсамтгай гэж боддог байх?
-Би юунд ч баригддаггүй. Хүссэнээ л хийдэг, эрх чөлөөтэй хүн шүү дээ.
-“Номин талст”-ын цаашдын төлөвлөгөө?
-Хүмүүс 15 жилийн ой гэж нэг удаа цугларч, тоглолт хийгээд л буцаад тарчих байх гэж хардаж байх шиг байна. Тэгэхгүй ээ. Бид олон жилийг хамтдаа үдэж, олон сайхан уран бүтээл хийнэ.
-Бие даасан уран бүтээлээ үргэлжлүүлэх үү?
-Ажлын хажуугаар уран бүтээл хийсээр байгаад бүтэн нэг цомгийн дуутай болчихож. Тэдгээрээ эмхлээд, нэг цомог гаргана.
Гэвч тэрбээр бидний боддогчлон юм бүхэн рүү үсчиж, түүнийхээ зоргоор үзэл бодлоо өөрчлөөд байдаггүй нэгэн бололтой. Учир нь, түүнээс хэдэн жилийн өмнө асууж байсан асуултаа дахин тавихад яг л тэр үеийнх шигээ хариулт өгсөн юм. Тиймээс ч түүнийг бидний боддогоос илүү “Үзэл бодолдоо үнэнч хүн юм” гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Дашрамд сонирхуулахад өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй. Сониныхоо уншигчид болон “Номин талст” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчдийн өмнөөс Хаянаадаа төрсөн өдрийн мэнд хүргэе. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш