logo
Гэр хорооллыг дахин төлөвлөх шаардлагатай

Гэр хорооллыг дахин төлөвлөх шаардлагатай

2012/08/20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гэр хо­рооллын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Гэр хороололд хэрэгжиж буй төслүүдтэй танилцах, өөрийн хийж хэрэгжүүлэх ажлын талаарх санал бодлоо солилцох зорилгоор энэхүү уулзалтыг хийж байгаа аж.

Энэ үеэр Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн гурван дүүргийн 10-аад хорооны иргэдтэй уулзлаа. Хамгийн эхэнд Хан-Уул дүүргийн долоо, наймдугаар хо­рооны иргэдтэй уулзсан юм.

Энэхүү уулзалтад УИХ-д сонгогдсон гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хүрэлцэн ирсэн байв. Тэрбээр иргэдэд хандаж, “Э.Бат-Үүл даргынхаа багтай хамт явж, та бүхэнд амласан амлалт бий. Тэрхүү амлалтаас хамгийн чухал хэсгийг хэрэгжүүлж эхлээд байна. Та бүхэнд мэдээлэл болгож дамжуулахад бид Газар өмчлөх тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хуулийн эхний хувилбарыг ирэх сард бэлэн болгохоор хуульчдын баг ажиллаж байна. Үүний дараа энэ хууль танд таалагдаж байна уу, ямар асуудлыг нэмэх вэ зэрэг асуудлаар иргэд та бүхэнтэй уулзаж, санал авах ажлыг зохион байгуулна.

Мөн хот төлөвлөлт, төсөв хуваарилах ажилд иргэдийг оролцуулна гэж амласан. Эхний ээлжинд энэ ажиллагаанд идэвхтэй оролцохын тулд мэдээллийг шуурхай авсан байх шаардлагатай. Тиймээс дүүргийнхээ бүх хороонд нийтийн зарын самбар байршуулахаар захиалгаа өгөөд байна. Та бүхэн идэвхтэй оролцож, бидний гаргасан мэдээллийг цаг тухайд нь авч байгаарай. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн дэд бүтцийн асуудал огт төлөвлөгдөөгүй, төсөвт оруу­лаагүй байх юм.

Энэ асуудалд анхаарах болно. Хамгийн наад зах нь бохир, цэвэр усны дэд бүтцийг энэ жилийн төсөвт тусгаж өгөх шаардлагатай” хэмээн мэдэгдлээ.

Хотын дарга иргэдэд хандан “Амласан ёсоороо энэ уулзалтыг зохион байгууллаа. ИТХ-ын төлөөлөгч нар маань ч хамт ирсэн байна. Бидний ярьж, хэрэгжүүлнэ гэсэн ажилд зарим иргэн эргэлзэж, сонгуулийн шоу хэмээн үзэх тохиолдол байсан. Бид худлаа хэлээгүй, хэлэхгүй гэдгээ ч амлаж, гэр хорооллыг амины тохилог орон сууц болгох төслийн талаар ирж ярилцана гэснийг санаж байгаа байх. Болзсон ёсоороо болзоотын бор толгой дээрээ ирээд байгаа нь энэ юм.

Бид хамтдаа гэр хорооллын төлөвлөлтийг дахин хийх хэрэгтэй. Энэ ажлыг иргэд та бүхний дэмжлэг, зөвшөөрөлгүйгээр хийх аргагүй. Дахин төлөвлөлт хийснээр хотын үйлчилгээг, хүргэнэ, нийгмийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэнэ гэсэн үг. Иргэн таны оролцоо чухал гэдгийг дахин хэлмээр байна. Тухайлбал, Яармагт газар өгөх явдлыг та бүхний зөвшөөрөлгүйгээр олгохыг зогсоох бодолтой байна. Өөрөөр хэлбэл, оршин суугчдын зөвшөөрлөөр газар өгдөг хэм хэмжээнд шилжих юм.

Мөн хууль бусаар авсан газруудыг хураан авна. Жишээ нь, Улаанбаатар хотод нэг сая гаруй иргэн газар өмчилж авах шаардлагатай байдаг. Гэтэл нийт 2500 орчим га газар л байна. Бусад газар нь хууль бусаар олгогдсон гэсэн үг. Энэ мэт олон ажлыг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн юм.

Уулзалтаар Яармагт цаашид юу барих вэ, ямар хот болох вэ хэмээн хөгжлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, зураг төслийг гаргах шаардлагатай байгааг онцолж, дахин төлөвлөлтийн талаарх танилцуулгыг хийлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш