logo
Байгалийн баялгийг ашиглах сэдвээр зөвлөлдөнө

Байгалийн баялгийг ашиглах сэдвээр зөвлөлдөнө

2012/08/20
Монгол Улс, Австрали улстай хамтран санаачилж НҮБ-ын Статистикийн комиссын 43 дугаар чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх “Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болох гэж байна. Эл уулзалтад эдийн засагт нь байгалийн баялаг, уул уурхайн салбар зонхилох байр суурийг эзэлдэг улс орнуудын мэргэжилтэн, шинжээчид урилгаар оролцох аж. Тодруулбал, Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам, Энэтхэг, Казакстан, Азербайжан, Бразил, Мадагаскар, Мексикийн нэгдсэн улс, Исламын Бүгд Найрамдах Иран улсаас гадна НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн статистикийн хорооны төлөөлөгчид багтах аж. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын төлөөлөгчид сэдэвчилсэн уулзалт зохион байгуулж, статистикийн аргачлал, арга зүйн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж санал боловсруулан, НҮБ-ын Статистикийн комиссын чуулганаар хэлэлцүүлдэг болсон байна. Улаанбаатар хотын группын үндсэн зорилго нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэт бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн тэргүүний арга туршлагыг нэгтгэж, арга зүй, практик зөвлөмжийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд, туршлагатай зөвлөхүүдийг татан оролцуулж, үйл ажиллагааг нь нэгтгэхэд чиглэжээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш