logo
Oрост лалын шашинтнуудад зориулсан телевизийн суваг нээгдлээ

Oрост лалын шашинтнуудад зориулсан телевизийн суваг нээгдлээ

2012/08/21
Орост лалын шашинтнуудад зориулсан анхны телевизийн суваг нээгдлээ. 24 цагийн эфиртэй "Al-RTV" суваг ирэх ням гаригаас орон даяар мэдээ нэвтрүүлгээ цацаж эхлэх юм байна. Шинэ телевизийн ерөнхий редактор, ахмад туршлагатай сэтгүүлч Рустам Арифжанов мусульманчууд зориулсан суваг нээх цаг болсон байсныг хэлжээ. Тэрээр ярихдаа "Харамсалтай нь ОХУ-д лалын шашны тухай телевизийн нэвтрүүлэг маш цөөн байна. Тиймээс энэ сэдвээр кино нэвтрүүлгүүдийг бүтээх хэрэгтэй, зарж борлуулах хэрэгтэй" гэсэн байна.
Мөн тэрээр шинэ сувгаар лалын шашны янз бүрийн уламжлалуудыг харуулсан нэвтрүүлгүүд цацагдах талаар ярьжээ. "Al-RTV"сувгийг үүсгэн байгуулагчид хүний нөөц болон өөрсдийн санхүүгийн эх үүсвэртээ түшиглэж байгаа ч гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүгийн тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Арифжанов Евразийн Радио Телевизийн академийн дэд ерөнхийлөгч бөгөөд тэрээр шинэ сувгийн анхны эфирийн цацалтад бэлтгэх нэг сарын хугацаанд Саудын Араб, Турк, Индонезийн засгийн газрын төлөөлөгчидтэй уулзжээ.
"Al-RTV" сувгийн уран бүтээлчдийн өмнө тулгараад байгаа нэг томоохон сорилт бол Ариун Коран судрын хэсгүүдийг лалын шашин шүтдэггүй үзэгчдэд зориулж орчуулах явдал юм.
Арифжанов ярихдаа "Лалын суваг лалын шашны талаарх ойлголтуудыг хүмүүст өгч чаддаг байх хэрэгтэй. Тиймээс бид энэ талаарх мэдээллийг хүмүүст маш сонирхолтой, хөгжилтэй байдлаар хүмүүст хүргэхийг зорих болно" гэжээ.
Москва хотод амьдардаг Мусульманчууд лалын суваг нээгдэхийг удаан хүлээж байснаа хэлцгээж байна. Кавказ, төв Азийн улсуудаас ажил хайсан цагаачид олноороо ирж байгаа учраас сүүлийн жилүүдэд Оросын нийслэлд лалын шашинтай хүн амын тоо өсчээ. Москвад лалын шашинтай хоёр сая орчим хүн амьдарч байгаа ч тэдэнд зориулсан дөрвөн сүм л үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Э.АМАР  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш