logo
Монгол улсы лимбэдэх урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

Монгол улсы лимбэдэх урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

2012/08/21
Манай улсын соёлын өвийг хамгаалах, бүртгүүлэх талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.

  -ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид Монгол Улс хэдэн онд нэгдсэн бэ?

  -Уг конвенци нь 2003 онд батлагдаж, манай улс 2005 онд нэгдэн орсноор соёлын биет бус өвийг таньж, тогтоох, хамгаалах хойч үедээ өвлүүлэн, үлдээх талаар ЮНЕСКО-гийн дэмжлэг туслалцаатайгаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд манай байгууллага ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсынхаа нийт есөн өвийг бүртгүүлээд байна. Жишээлбэл:Монгол наадам, хөөмэйн урлаг, бүргэдийн ан, уртын дуу, морин хуур гэх мэт. Мөн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтанд лимбэдэх урлаг, монгол тууль, биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг зэргийг бүртгүүлсэн. Хамгийн сүүлд лимбэдэх урлаг түүний арга барил-битүү амьсгааг бүртгүүлж, зургаан сард батламжаа гардан авлаа.

  -Монгол Улсын түүхэн дурсгалт газруудыг бүртгэсэн тохиолдол бий юу?

  -Дэлхийн өв гэж тусдаа ангилал байдаг. Үүнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Увс нуурын ай сав газар, Алтайн хадны сүг зураг зэргийг бүртгүүлж, батлуулсан байгаа. Учир нь Орхоны хөндий бол эртний нийслэл байсан газар. Түүх соёл болон эртний олдворууд нь ч үүнийг баталдаг. Мөн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн баримтат өвийн ангилалд Лу Алтан товч, Монгол Шунхан Данжуур зэргийг бүртгүүлсэн.

  -ЮНЕСКО-д бүртгүүлэхэд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

  -Ангилал тус бүр нь өөр өөр шалгуур болон зарчимтай байдаг юм. Хамгийн чухал нь тухайн өвийн давтагдашгүй онцлогтой үнэт түүхтэй байх ёстой. Мөн тухайн улс, үндэстнийхээ өвийн санд бүртгэгдсэн байх хэрэгтэй. Манай улсын өвийн сангийн бүртгэлийг БСШУЯ /хуучнаар/ хөтөлдөг.

  -Бүртгүүлж буй өвөө зөвхөн нэг улс эзэмших эрхтэй байдаг болов уу?

  -Тийм заалт байхгүй. Бид бүргэдийн ан буюу шувуучлах өвийг Араб, Белги, Чех, Франц, Сири гэр мэтийн арван оронтой хамтран бүртгүүлсэн.

  -Цаашид соёлын ямар дурсгалт өвийг бүртгүүлэхээр зорьж байна?

  -Ер нь бүртгүүлэх соёлын өв дундрашгүй их. Иймд дахиад олон өв баялгаа бүртгүүлэхээр зорьж байна

  -Энэ жил ЮНЕСКО-гийн 50 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд олон улсын чанартай арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсон бэ?

  -Өнгөрсөн гуравдугаар сард Хархорин хотод баярын үйл ажиллагаа зохион байгуулсан. Мөн зургадугаар сард Франц улсад байрлах ЮНЕСКО-гийн төв байранд Монгол дээлний театрчилсан шоуг "Монгол Костюмес" төвтэй хамтран амжилттай зохион байгуулсан. Мөн, ирэх аравдугаар сард "Соёл ба хөгжил" нэртэй форумыг зохион байгуулна. Уг форумын гол зорилго нь урлаг соёлыг эдийн засгийн дэмжлэгтэйгээр баяжуулах болон соёлын тулгамдсан асуудлаар хэлэлцэж, тодорхой асуудлыг шийдвэрлэх юм.

  -Тэгвэл Монгол уран бүтээлчдийн бүтээлийг гадаадад гаргах нөхцөл бүрдэнэ гэсэн үг үү?

-Аль болох гадаадад гаргах бүтээлийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. ЮНЕСКО-гоос жил бүр "Соёлын бүтээлч ажиллагааг дэмжих хөтөлбөр" зохион байгуулдаг. Манай төлөөлөгчид уг хөтөлбөрт уран бүтээлээ оруулж болно. Цаашид ийм төрлийн хөтөлбөрт аль болох өргөн хүрээтэй оролцох боломжтой.

Г.Анударь
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш