logo
Ямар агентлагууд татан буугдах вэ?

Ямар агентлагууд татан буугдах вэ?

2012/08/21
Шинэ Засгийн газар 16 яам, 28 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Өмнөх Засгийн газар 11 яам, 42 агентлагтай байсан. Тендр зарлах үүрэгтэй Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаж, хуучин агентлагуудаас 15 нь татан буугдах буюу яамдад нэгтгэгдэхээр болов.  Ерөнхий сайд Д.Алтанхуяг агентлагуудыг ийн цөөлөх болсон шалтгаанаа ажлын давхардлыг арилгаж, хариуцлага хүлээх албан тушаалтныг тодорхой болгох зорилготой хэмээн тайлбарласан. Мөн агентлаг цөөрлөө гээд албан хаагчдыг халахыг урьтал болгохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч агентлагуудыг цөөлснөөр нийт 600 албан хаагч ажилгүй болно гэсэн яриа тархаад буй. Энэ талаар Засгийн газраас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн төсөлд тусгагдсанаар дараах агентлагууд татан буугдах буюу шинэ яамдад нэгтгэгдэхээр болсон байна.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь Эдийн засгийн хөгжлийн яам болон өргөжиж байгаа учраас татан буугдсан гэх нь зохимжгүй. Тус хороог яам болгох санал гараад багагүй хугацаа өнгөрсөн. Эдийн засгийн форумын үеэр ч Хөгжлийн яам байгуулах талаар судлаач нар санал болгож байсан удаатай. Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр сонгогдон ажиллахаар болсон. Тус яам нь Монгол улсын хамгийн чухал асуудлуудыг эрхлэх эрх, үүрэг бүхий Монгол улсын хөгжлийн хувь заяаг шийдэх яам болж байна. Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудлыг танилцуулъя:

· Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого

· Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал

· Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал

· Эдийн засгийн тэргүүлэх чиглэл салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой холбоог тогтоох асуудал

· Зээл тусламжийн нэгдсэн бодлого

· Худалдааны бодлого зохицуулалт

· Экспорт импортын асуудал

· Гадаадын хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалт, бүртгэл

· Эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого зохицуулалт

· Өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал

· Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал

· Концесс, төр, хувийн хэвшлийн бодлого

Удирдлагын академи

Удирдлагын академи нь төрийн захиргааны болон бизнесийн удирдах ажилтныг сургаж бэлтгэх, төрийн бодлого удирдлагын асуудлаар эрдэм шинжилгээ, шуурхай судалгааны ажил эрхлэх, төр бизнесийн удирдлагын асуудлаар зөвлөгөө өгөх гэсэн үндсэн 3 чиг үүрэгтэй ажиллаж байсан. Тус академийн эрхлэх асуудал, чиг үүрэг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх ажлын хүрээнд багтаж байгаа юм.

Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар

Төр засгийн төв байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулахад аж, ахуй үйлчилгээний таатай нөхцөлөөр хангах гэсэн гол чиг үүрэгтэй тус агентлагийн үйл ажиллагаа хаашаа шилжсэн нь мэдэгдэхгүй байна.

Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаад бодлогын чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйлчилгээ талаас нь тусалж дэмжих гол үүрэгтэй тус газрын үйл ажиллагааны чиглэл Гадаад харилцааны яамд иржээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын газар

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй тус газрын үйл ажиллагаа Эдийн засгийн хөгжлийн яамд шилжиж байна.

Ойн газар

Ойн газар нь ойн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх хамгаалах талаар төр, засгаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, гадаад, дотоодын холбогдох байгууллага, аж ахуй нэгж, нөхөрлөл, иргэдтэй гэрээ байгуулан ажиллах үүрэгтэй. Тус газрын чиг үүрэг Байгаль орчин ногоон хөгжлийн яамд шилжиж байгаа юм.

Усны газар

Усны газар нь Монгол улсын хэмжээнд усны нөөцийг илрүүлэн тогтоох, зохистой ашиглах хэмнэж хамгаалах, түүнийг нөхөн сэргээх дахин ашиглах талаар төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Тус газрын ажлын чиг үүрэг Байгаль орчин ногоон хөгжлийн яамд очиж байна.

Төмөр замын газар

Монгол улсын төмөр замын тээврийг хөгжүүлэхийн тулд төрийн удирдлагыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх, төмөр замын салбарт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй тус агентлагийн эрхлэх асуудал Зам тээврийн яамд шилжиж байна.

Авто тээврийн газар

Хүн амын авто тээврийн эрэлт хэрэгцээг хангаж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын болон байгаль орчин, хүн амд сөрөг нөлөөгүй, улс орны нийгэм эдийн засгийн нийтлэг эрх ашигт нийцсэн авто тээврийн тогтвортой системийг бий болгох зорилго, үүрэгтэй тус газар Зам тээврийн яамд нэгтгэгджээ.

Авто замын газар

Олон улсын автозамын сүлжээнд нэгдэн орсон тэргүүн ээлжинд барих сайжруулах, автозамын оновчтой сүлжээг хөгжүүлэх замаар улс орны ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудыг дэмжих, салбарын эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх чиг үүрэгтэй тус газрын эрхлэх асуудал Зам тээврийн яамд очно.

Жижиг дунд үйлдвэрийн газар

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх ерөнхий үүрэгтэй тус газрын үйл ажиллагаа Хөдөлмөрийн яамд шилжиж байна.

Эрчим хүчний газар

Эрчим хүчний газар нь өргөжин Эрчим хүчний яам болж байгаа юм. Шинэ яамны эрхлэх асуудалд:

- Эрчим хүчний нэгдсэн бодлого
- Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн асуудал
- Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал
- Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого орно.

Мөн Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн яам, Биеийн тамир спортын газар болон Соёл урлагийн хороо Соёл, спорт, аялал жуулчлалын яамд нэгтгэгдэж байгаа юм.

О.Хосцэцэг


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш