МАХН-ын дарга Н.Энхбаяр олны анхаарлыг дахин өөр дээрээ төвлөрүүллээ. Тэрбээр энэ удаад ухаан алдан унаж, улмаар биеийн байдал нь эрс доройтсон талаар хүний их эмч А.Нота нийтэд мэдээлэв. Түүний ухаан алдаж унасан шалтгааныг өмнө нь саатуулагдаж байхдаа өлсгөлөн зарласантай холбон тайлбарласан. Ямартай ч, түүнийг тэргэнцэр дээр суулган Клиникийн хоёрдугаар эмнэлэгт авчрахыг нь орон даяар харлаа.
Уг нь түүний биеийг сэргээж, нөхөн төлжүүлэхийн тулд байнгын идэвхтэй хөдөлгөөн, өндөр агууламжтай хүчилтөрөгч шаардлагатай гэнэ. Гэвч хорих ангид сэтгэл санаа нь тогтворгүй байхын дээр эмчилгээ тасалдсан нь ийн ухаан алдан унахад хүргэсэн аж. Хэрэв экс Ерөнхийлөгч дахин ухаан алдан унавал эргэн сэргэх баталгаа байхгүй гэх эмчийн дүгнэлт ч гарчээ.Хэрэг явдал ийн өрнөх зуур Төрийн ордонд албан тушаалын бялуу хувааж, зарим нэг нь бялуурч байхад, нөгөө хэсэг нь хоолоо чамлаж, гомдолно. Тэр дундаа МАХН-ын гишүүд хамтарсан Засгийн газрын ширээн дээрх бялууны амттай хэсгийг нь хүртэж чадлаа. Гол нь тэд Н.Алтанхуягийн танхимд Н.Энхбаяргүйгээр, бас М.Энхсайхангүйгээр багтсан юм. Гэхдээ намын даргынхаа эрх ашгийг уландаа дэвсэлж, “хонгил” руу чулуудах нь тэр. Үнэндээ ч Н.Энхбаяр анхан шатны шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн ял сонсч байхад түүний багийнхан албан тушаалын бялуунаас татгалзахгүй гэдгээ илэрхийлж, Төрийн ордондоо хуваарилалтын талаар ярьж суусан. Чухамхүү парламентад орох зам мөрийг нь засаж, өгсөн намын даргаа тэд АН-тай Засаг байгуулах гэрээг мутарлах үедээ умартсан гэхэд хилсдэхгүй. Энэ нөхцөл байдлаас дүгнэвэл Н.Энхбаяр аргагүй л хүн таньдаггүй нэгэн юм. МАХН гэх малгайг өмссөн тэр өдрөө л Ц.Шинэбаяр тэргүүтэй эрхмүүд найз биш дайсан болж хувирсан. Н.Энхбаяр түүнийг царай алдан гуйж, будаг нь ханхалсан өрөө, сандал бэлдсэн ч тэр дахин ирээгүй. Улмаар нэгэн цагт өөрийг нь авлигын “Загалмайлсан эцэг”-т өргөмжилж байсан М.Энхсайхантай зүү орох зайгүй нөхөрлөсөн. Гэвч мань эр Засгийн газрын бялуунаас хүртэхийн тулд түүнийг хөсөр хаясан.
Үүнийг нь МҮАН-аас гаргасан өнөөх мэдэгдэл бататгах биз. Эцэст нь тэрбээр сонгуулийн өмнөхөн өөрийг нь зорин очсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт итгэл найдвар тээж байлаа. Харамсалтай нь, тэд Н.Энхбаяртай манатай бялуундаа бялуураад завгүй явааг улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдал гэрчилнэ. Ингээд бодохоор Н.Энхбаяр нээрээ л хүн таньдаггүй юм байна. АН Засгийн газар байгуулахдаа МАН-д биш МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд урилга илгээх үед эксийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан. Мэдээж, АН эвсэлтэй гэрээ байгуулахад хамгийн том тээг нь Н.Энхбаяр байлаа. Тиймдээ ч ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, санаа тавин байж Н.Алтанхуягт МАН-д хадаг барихыг анхааруулсан юм. Гэвч Н.Алтанхуяг эвслийнхэнтэй нийлж, МАХН-ын дарга, эвслийн тэргүүн Н.Энхбаярыг хойш тавин, хэлэлцээрийн ширээний ард сууж, бас зөвшилцөж чадсан. Үр дүн нь ч өнөөдөр гарлаа. Гагцхүү хэлэлцээрийн дараахан Н.Энхбаяр шүүхээс ял сонсч “золислогдсон”. Хачирхалтай үйл явдал биш гэж үү. Зөвшилцөлд хэн ч Н.Энхбаярыг урьтал болгосонгүй. Тиймдээ ч түүний биеийн байдал болоод “хэлмэгдүүлэлт”-ийн талаар дугуй танхимд өнөөг хүртэл нэг ч эрхэм ам алдаж, дуугарсангүй. МАН Өвөрхангайн асуудлаа нэхэл хатуутай АН-д сануулж байгаатай адил эвслийнхэн ч Н.Энхбаярыг өдөр бүр дурсаж болох л байсан.
Гэвч намын дарга нь хориход ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч “албат” нь амаа үдүүлсэн хэвээр байна. Тэр ч бүү хэл, эвслийнхэн хоолоо голж, АН-ыг шантаажилж, асуудлыг гацааж байхдаа хачраа нэмэгдүүлснээс биш намын даргынхаа талаар ганц ч үг, өгүүлбэр унагаагүй нь аргагүй л сэтгэлээ эргүүлсний илрэл ч байж мэднэ. Магадгүй тэд хачраа нэмэгдүүлэх хэмжээний шантааж хийсэн шигээ намын даргаа нарсанд биш наранд амьдрах тохиролцоог хийж чадах л байж. Сонирхолтой нь, тэд үүнийг хүссэнгүй, гагцхүү өөрсдөө эрх мэдэл, албан тушаалын олбог дээр тухаллаа. Харин нэгэн цагт бирдтэй зүйрлэгдэж байсан Н.Энхбаярыг өрөвдөх сэтгэл цөөнгүй хүний дунд бий болжээ. Энэ бол монголчуудын зан. Хүч доройг нь өмөөрч, хүчтэйнх нь эсрэг ханддаг нүүдэлчдийн зан гэлтэй. Шүүхийн гадна нэлээд олон хүн цугларч, экс Ерөнхийлөгчийг суллахыг шаардаж, уриа лоозон барьсан харагдана. Тэдний дунд Э.Цолмон, хүүгийнхээ хамт байх нь зүйн хэрэг. Магадгүй энэ жагсаалтын хүчинд Н.Энхбаяр тэргэнцэр дээр суун эмнэлэгт хүргэгдлээ. Яг л цагдаад дамжлуулан гардаг шигээ үйл явдлыг тэр хорихын гадна ч “амьдруулж” дөнгөлөө. Мэдээж, удирдаачийн хүссэнээр тоглолт амжилттай болж, үйл явдлыг харсан цөөнгүй хүн түүнийг өрөвдсөн. Гэхдээ нийт ард түмэн биш гэдгийг тодотгох нь зүйд нийцнэ.Нэг хүн ч бай, нэг хэсэг хүн ч бай бүх ард түмнийг шууд төлөөлж чадахгүй. Би, бид гэсэн биеийн төлөөний нэг, хоёрдугаар бие дээр л ярих хэрэгтэй. Бүх ард түмэн эмгэнэн гашуудаж, Н.Энхбаярыг суллахыг шаардаж байна гэдэг нь юу л бол…
Ард түмний нэгээхэн хэсэгт Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гэхчлэн нам болоод эвслийн нөхдүүд ч багтана. Тэд ийм эмгэнэн гашуудаж буй дүр төрх ажиглагдаагүй. Гэхдээ тэд албан тушаалаа хувааж буй дүр төрхийг ч экс жүжгийнхээ нэг хэсэг болгон найруулсан байхыг үгүйсгэх аргагүй. Жүжгийн өрнөл хэсэг нь “Нэгэн үе Монгол Улсын Төрийн тэргүүн явсан хүнийг төмөр торны цаана орчихоод байхад нь хэн ч тоохгүй. Найдаж явсан нөхөд нь албан тушаалын төлөө мань хүний мартана. Тэр ч бүү хэл, дотроо хагаралдана. Уг нь шударга эрхэм болохын төлөө тун ч их чармайсан нэгэн атал хүчнийхэн хүч хэрэглэн баривчилж, бас хэмэгдүүлж хорино. Улмаар хориход өвдөж, шанална. Цаашлаад тэргэнцэр дээр суутлаа биеийн байдал нь доройтно. Ард түмэн түүнийг өрөвдөж, бас өмгөөлж, уриа лоозон барьж жагсана” иймэрхүү байдлаар зохиол өрнөж буй байж мэдэх л юм. Н.Энхбаярыг хэн нэгэн тоохгүй байх тусам мань хүнийг өрөвдөж, харин албан тушаалд амаа үдүүлсэн эрхмүүдийг үзэн ядна. Яагаад болохгүй гэж. Үүгээрээ тэр улс төрийн нүүдэл нь үргэлжилж байгааг эл хүрээнийхэнд мэдрүүлнэ. Бас дохио болгон илгээнэ. Тэр хэдийд хэрхэн хөдлөхөө хэнээр ч заалгахгүй. Тиймээс л энэ жүжгийг эхлүүлсэн биш гэж үү.
Л.НИНЖ
Эх сурвалж: "Нийгмийн толь"