logo
НҮБ-ын Хүн амын сангийн суурийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

НҮБ-ын Хүн амын сангийн суурийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2012/08/23
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавелийг наймдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Аржентина Матавел Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, НҮБ-ын Хүн амын сангийн хувьд энэхүү уулзалт маш чухал гэдгийг тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, энэ удаагийн парламентын сонгуулиар олон эмэгтэй сонгогдсонд баяртай байна. Энэ нь парламентын баталж буй хууль, бодлогод жендэрийн тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй байгааг ард түмэн мэдэрч, өөрсдийн сонголтоор үнэлсэн үнэлгээ гэж бодож байна. Жендэрийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаа хэд хэдэн салбар байдгийн нэг нь нийгмийн салбар юм. Иймд нийгмийн салбарт алдагдаж буй жендэрийн тэнцвэртэй бус байдлыг зөв гольдролд оруулахад таны гүйцэтгэх үүрэг, хувь нэмэр их байх болно. Парламентад сонгогдсон есөн эмэгтэй гишүүн цаашид ямар чиглэлээр юу хийхэд оновчтой, үр дүнтэй байх талаар саналаа ирүүлвэл бид хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Улс хөгжихийн хэрээр ядуу хоосон, хот хөдөөгийн ялгаа ихэсч байна. Энэ ялгааг бууруулахын төлөө ажиллахыг та бүхнээс хүсч байна. Эмзэг бүлгийнхний амьдралыг яаж сайжруулах, хөгжлийн үр шимийг хүн амд тэгш хүртээх боломжийг бий болгоход манай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэгддэг. Хүн амын бодлогын баримт бичиг 2004 онд батлагдснаас хойш өөрчлөлт ороогүй өдийг хүрсэн. Иймд бид энэ тал дээр холбогдох яамтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжихийн хэрээр таныг бид дэмжиж ажиллах болно гэлээ.
    Хатагтай Аржентина Матавелаас баяр хүргэсэн албан ёсны мэндчилгээг хүлээн авсандаа талархалтай байгаагаа Байнгын хорооны дарга энэ үеэр илэрхийллээ. Тэрээр Суурин төлөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаагаа дуулгаад, байгалийн баялгийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх нь чухал болохыг онцолсон юм. Учир нь өндөр дээд албан тушаал хашдаг, амьдралын боломж бололцоотой хүмүүс 21000 төгрөгийг авдаггүй гэдэг боловч, үнэн хэрэгтээ тэдний дансанд энэхүү мөнгө орж байгаа нь шударга бус гэж үздэг гэлээ. Түүнчлэн ард түмний бэлэнчлэх сэтгэлгээг өөрчилж оюуны сэтгэлгээг хөгжүүлэх нь чухал байгааг мөн энэ үеэр тэмдэглэсэн. Мөн тэрээр ард түмэнд юу илүү хэрэгтэй байгаа, ядуу айл өрхөд юугаар тус хүргэх нь чухал болохыг жирийн ард түмний дундаас парламентат сонгогдсоны хувьд, нийгмийн асуудал хариуцсан Байнгын хорооны даргын хувьд илүү ойлгож , энэ тал дээр цаашид анхаарч ажиллах болно гэдгээ хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш