logo
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хоёр хоног дугаарлаж байна

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хоёр хоног дугаарлаж байна

2012/08/23
Хичээлийн шинэ жил эхлэх мөч ойртсоор. Өчигдрөөс эхлэн орон даяар цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Гэхдээ бүртгэл маргааш дуусна. Учир нь Нийслэлийн боловсролын газраас өмнөх жилүүдэд хүмүүс хүүхдээ бүртгүүлж амжихгүй хоцрох тохиолдол цөөнгүй гарч байсантай холбогдуулан, энэ сарын 22-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг нэгдсэн журмаар явуулахаар болсон. 
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 927 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд 168 мянган хүүхэд хамрагдах юм байна. Одоогийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын сургалт 74.6 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, хамрагдах ёстой 100 хүүхдийн 75-ыг нь хамруулдаг гэсэн үг. Үлдсэн 25 хувь нь цэцэрлэгт хараахан хамрагдаж чаддаггүй. Үүнээс болж, хүүхдээ урьтаж бүртгүүлэх гэсэн зарим хорооны эцэг, эхчүүд тухайн цэцэрлэгийн үүдэнд хоёр, гурав хоног дугаарлаж байна. Тэгвэл цэцэрлэгүүдийн бүртгэл хэрхэн үргэлжилж байгаа талаар сурвалжиллаа.
Бид юуны өмнө Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Уг цэцэрлэг Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны хүүхдүүдийг авдаг бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан гэнэ. Нийт 200 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч энэ жил 300 орчим хүүхэд хүлээн авах аж. Тус цэцэрлэгийн эрхлэгч Я.Отгонбаяр “Бид хамрагдах ёстой хүүхдүүдээ бүрэн хамруулж байгаа. Хамгийн гол нь анги дүүргэлт 35-38 хүүхэдтэй байна. Уг нь хуулиар бол 25 байх ёстой. Гэтэл бид ачааллаас шалтгаалаад ийм өндөр хүчин чадлаар ажиллаж байна” гэсэн юм.
Хүүхдээ цэцэрлэгт оруулахад цагаан хорхой, шээсний шинжилгээ заавал өгөх шаардлагатай байдаг. Мөн эцэг, эхчүүдийн хувьд хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг бэлдэх нь чухал. Харин тус цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр очиж шинжилгээгээ өгдөг байна. Эцэг, эхчүүдээс хураалгах хэрэгслийн хувьд одоогийн байдлаар бүх цэцэрлэг БСШУ-ы сайдын 2004 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын дагуу, есдүгээр сарын 1-15 хооронд авах юм байна. 
Харин одоо бүртгүүлэхэд тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар байхад л болох аж.
Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгт байдал ийнхүү тайван байсан бол Баянзүрх дүүргийн тэргүүний 22 дугаар цэцэрлэгт ачаалал ихтэй байв. Биднийг очиход тус цэцэрлэгийн хашааны үүдэнд 50-60 орчим хүн цуглачихсан хэрүүл, шуугиан болж байлаа. Учир нь тус цэцэрлэг 280 хүүхдийн багтаамжтай ч харьяаллын дагуу хамрагдах хүсэлтэй хүүхдийн тоо 1478-д хүрчээ. Иймээс цэцэрлэгийн суудлын тоо гүйцэхээс урьтаж бүртгүүлэх гэсэндээ хоёр, гурав хоногийн өмнөөс цэцэрлэгийн үүдэнд дугаарласан гэх хүмүүс ч байлаа. 
Үүнээс үүдэн эрт ирсэн, сүүлд дугаарласан гэх хүмүүсийн дунд дугаарлалтаас болж маргаан дэгдэхэд хүрчээ. Гэхдээ тус цэцэрлэгийнхний хувьд энэ нь тийм ч сонин бөгөөд шинэ зүйл биш. Сүүлийн 5-6 жил цэцэрлэгийн бүртгэл эхлэх үеэр байнга ийм үзэгдэл болсоор дадал болсон гэхэд ч хилсдэхгүй биз ээ. 
Ингээд бид 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэвэлмаатай уулзсан юм. Тэрбээр “Бид хичээлийн шинэ жилд зориулан төлөвлөсөн ажлаа 80 гаруй хувьтай гүйцэтгэсэн. Харин засварын ажлаа бүрэн хийж дуусгасан. Манайх цэцэрлэгт Баянзүрх дүүргийн нэг, хоёрдугаар хорооны хүүхдүүд хамрагддаг. Одоогоор бид хоёр дахин илүү хүчин чадлаар ажиллаж байна. Ингэж ажиллаа ч хамруулах ёстой хүүхдүүдийнхээ талд нь ч хүрэхгүй байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд иймэрхүү л байдалтай байна. Гэхдээ бид цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдээс 4-5 насны хүүхдүүдийг сургуульд бэлдэх зорилгоор ээлжийн бүлэг хичээллүүлдэг.
Уг нь манайх нэгдүгээр хорооны цэцэрлэг. Тэгээд дээр нь хоёрдугаар хорооны хүүхдүүдийг нэмж авдаг учраас ачаалал ихтэй байдаг. Хамгийн гол нь хоёрдугаар хороо цэцэрлэгтэй болчихвол энэ ачаалал багасна гэж бодож байна. Өнгөрсөн жилийн байдлаар өдөр тутам явж байгаа хүүхдүүдийн дундаж ирц 450 орчим байсан. Эндээс л нөгөө 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг яаж ажиллаж байгаа нь харагддаг. Энэ их ачааг тухайн цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчид л нуруун дээрээ үүрч байна. Байх ёстой хэмжээнээс илүү олон хүүхэдтэй байгаа учраас багш нарын нийгмийн асуудал хэцүү байна” гэв.
 
Эцэг, эхчүүдэд арга зүйн хичээл заана
 
Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Мягмараас тодруулахад “Энэ жилийн хувьд улсын төсвийн хөрөнгөөр 31 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, орны тоог 3360-аар нэмэгдүүлсэн. Удахгүй он дамжин баригдаж буй 19 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна. 
Бид ийнхүү жил бүр олон цэцэрлэг шинээр барьж байгаа боловч шилжилт хөдөлгөөн болон хүн амын төрөлтийн өсөлтийг давж гарахгүй байна. Үүнээс болж, байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү ачаалалтай ажилладаг. 
Мөн ирэх онд орны тоог 3.5 мянгаар нэмэгдүүлж, 35 цэцэрлэгийн барилгыг “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн хамтарсан хөрөнгөөр нийт 4000 хүүхдийн ор бүхий 40 цэцэрлэгийг канад технологиор барихаар ажиллаж байна. Одоогоор шинээр баригдах цэцэрлэгүүдийн газрын асуудал бүрэн шийдэгдээгүй учраас яг хаана барих эсэх нь тодорхойгүй байгаа. Юуны өмнө бүх хороог цэцэрлэгтэй болгоно.
Харин цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд зориулж, төрөөс хамран сургалтыг зохион байгуулдаг. Энэ нь ээлжийн бүлэг, явуулын багш, нүүдлийн гэр цэцэрлэг гэсэн гурван хэлбэртэй. Ээлжийн бүлгийг цэцэрлэгт хамрагдаагүй ч гэсэн сургуульд бэлтгэх зорилгоор өдөрт 2-3 цагаар цэцэрлэгт суулгадаг бол явуулын багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан. Харин нүүдлийн гэр цэцэрлэг нь малчин өрхийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг байх жишээтэй.
Тэгэхээр эцэг, эхчүүд маань хүүхдээ заавал цэцэрлэгт оруулна гэж зүтгэхгүйгээр хүүхэдтэйгээ илүү ойр байж, хүмүүжүүлэх боломж бас байна. Иймээс бид энэ жилээс эхлэн хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй эцэг, эхчүүдэд зориулж, цэцэрлэгийн багшийн арга зүйн хичээлийг орохоор төлөвлөж байгаа. Цэцэрлэг гэдэг бол заавал суух ёстой зүйл биш. Сургуульд орох бэлтгэлийг хангах зорилгоор л явагддаг. Энэ ч үүднээсээ бид сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт илүү хамруулахыг хичээдэг” гэсэн юм.
Бид ердөө л хоёрхон цэцэрлэгийн бүртгэлийн ажлыг сонирхсон нь энэ. Нийслэлийн төвд байрлах эдгээр цэцэрлэгүүдийг бодвол хотын захад байдал үр хүнд, ачаалал илүү их байдаг. Тэр хэрээр хэл ам гарч, араас нь танил тал, хандивын ангийн асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл, авлигын хэрэг үүсэх магадлал тун өндөр байдаг. Тиймээс нийслэлийн төвлөрлийг дагаад бага насныхан сурч, хүмүүжих эрхгүй, гэртээ цоожтой үлддэг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш