logo
 Манай энхийг сахиулагчид жинхэнэ дэлхийн иргэн-эх орончид болж төлөвшиж байна

Манай энхийг сахиулагчид жинхэнэ дэлхийн иргэн-эх орончид болж төлөвшиж байна

2012/08/24
-УИХ-ын дарга З.Энхболд “KHAAN QUEST-2012” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтад оролцож үг хэлэв-

2012.08.23 Тавантолгой

Энхийг сахиулагч дайчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Хүндэт зочид оо.

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн удирдагч, оролцогч генерал, офицер, ахлагч Та бүхэн 12 өдрийн турш санаа зорилго нэгдэн ажиллаж, өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэнд баяр хүргэе.
Сургууль, дадлага бол аливаа ажил үйлсийн амжилтын үндэс мөн. “Сургалт бэрх байвал тулалдаанд хялбар байна” гэсэн утгатай хэлц үг олон орны цэргийн уламжлалд байдгийг Та бүхэн мэдэх билээ.
Энхийг сахиулах үйл хэрэг гэдэг бол амар хялбар ажил биш. Энэ бол дэлхийн халуун цэг гэгдэж буй улс хоорондын, түүнчлэн дотоодын зөрчил мөргөлдөөнөө өөрийн хүчээр шийдвэрлэж чадахгүй байгаа улс орнуудын ард иргэдэд олон улсын хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс гар сунган дэм өгч буй хүнд бэрх, хариуцлагатай хүмүүнлэг үүрэг юм. Энэ бол шинэ тутам тусгаар улс болж байгаа, эсвэл нийгэм-улс төрийн байгууллаа шинээр тогтоож байгаа улс үндэстнүүдэд шилжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлээ даван туулахад нь туслалцаа үзүүлж байгаа буянт үйлс юм.
Энхийг сахиулна гэдэг цэрэг хүнд байх ёстой эр зориг, тэвчээр хатуужил, өндөр мэргэшил, дадлага туршлага, ур чадвар, хүнлэг сэтгэл, харилцааны соёл, мэдрэмжийг давхар шаарддаг эрсдэлтэй боловч бахархалтай алба билээ.
Бид Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд аль болох өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах нь нэгд, өөрийн орны үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах тулгуур зорилтыг хэрэгжүүлэх арга зам, хоёрт, монгол цэргийн алба хаагчдыг мэргэжлийн хувьд чадваржуулахын зэрэгцээ бие хүний хувьд хөгжүүлэх, төлөвшүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг юмаа.
Манай энхийг сахиулагчид тусгаар тогтнол, ардчилал, шударга ёсны үнэ цэнийг хэзээ хэзээнээс илүү мэдэрч, тууштай эх орончид болж төлөвшиж байна. Ингэхдээ “бусдын зовлон, жаргал надад хамаагүй” хэмээн хүн төрөлхтнөөс өөрийгөө салгаж ойлгодог явцуу үзэлтэн бус, жинхэнэ дэлхийн иргэн-эх орончид болж байна.
Энэ бүхэн нь ардчилсан Монголын төр, засгаас Монгол Улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, дэлхий нийтийн аюулгүй байдлын тогтолцооны хүртэгч, хэрэглэгчээс хувь нэмэрлэгч, үйлдвэрлэгч болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн юм.
“Khaan quest”-ийг бүс нутгийн хэмжээний олон улсын томоохон сургууль болгон хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөрт талархал дэвшүүлье.
Та бүхний хамтран сургуулилж, цэргийн ёсоор ойртон нөхөрлөсөн энэхүү төвийг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээний энхийг дэмжих ажиллагааны тэргүүлэх сургалтын төв болгон хөгжүүлэх зорилтыг Монгол Улс, Зэвсэгт хүчний удирдлага тууштай хэрэгжүүлж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.
Монгол төрийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлого, ялангуяа дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдалд өөрийн хувь нэмрийг оруулах, үүний тулд Зэвсэгт хүчнээ чадваржуулан бэхжүүлэх зорилт, үйл ажиллагаа залгамж чанартай бөгөөд улс төрийн бүх хүчнүүд байр суурь нэгтэй байдгийг би энд зориуд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн энхийн төлөө хүчин чармайлтад Монгол Улсын оролцоог нэмэгдүүлж, энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монголын парламент анхаарал тавьж ажиллах болно.
Та бүхэнд аз жаргал, сайн сайхныг хүсч, нэр төртэй цэргийн албандаа амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье.
Аян замдаа сайн яваарай. Анд нөхөдтэйгээ дахин дахин уулзаж, энхийн төлөө он удаан жил хамтран зүтгээрэй. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш