logo
Азийн шилдэгээр Д.Эрдэнэбилэг шалгарлаа

Азийн шилдэгээр Д.Эрдэнэбилэг шалгарлаа

2012/08/24
Францын Лиллей хотноо наймдугаар сарын 9-23-ны хооронд оюун ухааны спортын II дугаар олимпиад болж, манай улсын зуун буудалт даамын шилдэг тамирчид оролцлоо. Ази тивийн дөрвөн удаагийн аварга, Монгол улсын 10 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг (чансаа 2307) ганцаарчилсан төрлийн шилдэг 12-т багтаж, Ази тивийн тэргүүн тоглогчоор шалгарчээ. Тэрбээр энэ оны төгсгөлд шилдэг 12 тамирчид өрсөлддөг тулаанд (Бээжинд) Ази тивийг төлөөлөн оролцох бөгөөд тус тэмцээн нэг сая еврогийн шагналын сантай юм.
Дэлхийн Оюуны спортын наадмын тvргэн тоглолтын багийн тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүтэн багаараа оролцож, эмэгтэй баг дөрөвдүгээр байр, эрэгтэй баг зургадугаар байр эзэлсэн байна. Энэ удаагийн тэмцээнд багт Унгар, Итали, Камерун, ОХУ, Латви, Белги, Чех, Беларус, Голланд, Монгол зэрэг арван орны эрэгтэй, ОХУ, Хятад, Украйн, Голланд, Монгол зэрэг таван орны эмэгтэй баг оролцжээ.
Эрэгтэй даамчдаас алтан медалийг ОХУ, мөнгөн медалийг Голланд, хүрэл медалийг Камерун улсын баг хүртжээ. Харин дөрөвдүгээр байрт Беларус,тавдугаар байрт Латви, зургадугаар байрт Монгол даамчид шалгарлаа. Эмэгтэй багаас алтан медальийг ОХУ, мөнгөн медалийг Украин, хүрэл медалийг Голланд авсан бол дөрөвдүгээр байрт Монгол, тавдугаар байрт Хятад улсын баг шалгарсан байна. Манай эмэгтэй тамирчид хүрэл медалийн төлөө Голландын багтай тоглож 2:2-оор тэнцсэн боловч нэгдүгээр ширээнд ялагдал хүлээснээрээ дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
Тус тэмцээнээс ОУИМ Д.Эрдэнэбилэг (чансаа 2307) есөн оноо, Олон улсын мастер О.Түвшинболд (2143) есөн оноо, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай (2189) дөрвөн оноо тус тус авсан байна. Эмэгтэйчүүдээс спортын мастер Э.Мандахнаран гурван оноо, спортын мастер Э.Нандинцэцэг хоёр оноо авчээ. Эрэгтэйд түрүүлсэн ОХУ-ын шигшээ багт дэлхийн 11 удаагийн аварга А.Чижав, дэлхийн найман удаагийн аварга А.Георгиев, дэлхийн гурван удаагийн аварга А.Шварцман нар багтсан байна.
.Дашрамд сонирхуулахад, 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо анх удаагаа зохион явуулсан оюуны ухааны наадамд шатар, зуун буудалт даам, го даам, хөзрийн тоглоом зэрэг төрлөөр явагдсан билээ.
Д.Өлзий

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш