logo
Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2012/08/24
Шинэ хамтарсан Засгийн газрын анхны дээд хэмжээний гадаад зочин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн ноён Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх Хорооны дарга С.Баярцогт өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад УИХ-ын ээлжит сонгууль явагдаж, шинэ Их Хурал бүрэлдэн үйл ажиллагаагаа эхлээд байгаа үед төлөөлөгчдийг хамгийн анхны хүндтэй зочид болж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дэд дарга тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх чиг шугамыг Монгол Улсын үе үеийн парламент, засгийн газрууд баримталж ирсэн. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар ч энэ бодлогыг тууштай баримтлах болно. Түүнчлэн хоёр талын хамтын хүч чармайлтын үрээр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, шинэ агуулга хэлбэрээр баяжиж байгаад бид сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн нь хоёр улсын харилцааны түүхэнд онцгой байр суурь эзлэх үйл явдал болсон. Хоёр орны харилцааны чухал хэсэг нь парламентын харилцаа байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид парламентын удирдлага төдийгүй найрамдлын бүлгүүд, Тамгын газрууд хоорондын харилцан айлчлалыг илүү өргөжүүлэхийн төлөө байна гэсэн юм . Мөн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо даргыг Монголд айлчилна гэсэн хүлээлт хэвээр байгааг энэ үеэр дахин нотолж, төлөөлөгчдийг Монголд тавтай зочилохыг хүслээ.
Ноён Дай Бингуо хэлэхдээ, хоёр улс уул усаар холбогдсон найрсаг хөрш орон бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байна. Хятадад “хол байгаа төрөл саднаас ойрын хөрш дээр” гэсэн зүйр үг байдаг. Олон арван жилийн туршид Хятадын засгийн газар хоёр талын харилцааг цаг ямагт чухалчлан үзэж ирсэн. Стратегийн түншийн хувьд манай хөрш орон өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байгааг харахад таатай байна. Хоёр улс цаашид улс төрийн хэлхээ холбоог чангатгаж, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай байх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж чадвал хоёр талын стратегийн харилцаа илүү өндөр түвшинд гарна гэдэгт найдаж байна. БХАТИХ, Бүх Хятадын Зөвлөлдөх Их Хурал Монгол Улсын Их Хуралтай сайн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр улсын парламент хоорондын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хууль тогтоох, ардчилсан хуулийн тогтолцоог бий болгоход харилцан туршлага хуваалцахад бэлэн байна. У Бангуо даргыг дахин урьсанд баяртай байна. Бид энэхүү урилгыг У Бангуо даргад уламжлах болно. УИХ-ын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийг таатай цагтаа Хятадад айлчлахад баяртай байх болно гэлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш