logo
Шатарчид дэлхийн олимпиадад хүчээ сорино

Шатарчид дэлхийн олимпиадад хүчээ сорино

2012/08/25
Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болно. Тус олимпиадад манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр таван гишүүнтэй баг болон хоёр дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, Монголын шатрын холбооны төлөөлөгч нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк улсыг зорино.
Дэлхийн 168 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын шатрын холбоо 1924 оноос шатрыг оюуны өвөрмөц спорт гэж үзэж дэлхийн шатрын олимпиадыг явуулах болсон түүхтэй. Монголчууд дэлхийн шатрын олимпиадад 1956 оноос хойш оролцох болсон бөгөөд 1960 онд гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн ширээнээсээ алтан медаль, 1964 болон 1970 онд олон улсын мастер Т.Үйтүмэн алт, мөнгөн медаль 2000,2002 онд ФИДЕ-гийн мастер З.Бямбаа мөнгө, хүрэл медаль харин 2004 онд Б.Хатанбаатар, Ц.Батцэцэг нар хүрэл медаль хүртэж байжээ. Манай шатарчид Дэлхийн шатрын олимпиадад 20 удаа оролцохдоо 1970 онд 60 орны эрчүүдээс 16 дугаар байр, 1990 онд 64 орны эмэгтэйчүүдээс 12 дугаар байрт тус тус шалгарсан удаатай. Энэ жилийн багийн эрэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж, их мастер Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр нар багтсан бөгөөд тэднийг гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн дасгалжуулна. Харин эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд ОУИМ Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Олон улсын мастер Д.Янжиндулам, Б.Анхчимэг, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал нар багтжээ. Тэднийг МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан дасгалжуулах юм.
Д.Өлзий 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш