logo
Зэвт харваачид улсын аваргаа тодруулж байна

Зэвт харваачид улсын аваргаа тодруулж байна

2012/08/25
Сурын төв талбайд Монголын уламжлалт сурын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна.  Монголын сур харваа 2000 гаруй жилийн түүхтэй. Харин Монголын уламжлалт сурын холбоо 2009 онд байгуулагдаж монголчуудын уламжлалт зэвт харвааг системтэй хөгжүүлэх сурталчлан таниулах талаар идэвх, санаачлагатай ажиллаж байгаа юм. Тус холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний уламжлалт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнүүдэд оролцож өөрсдийн зэвт сумны харвааг сурталчилж олон улсын тэмцээний нэгэн хэсэг болгож хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаад байна. Уг холбооноос энэ жил анхны улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байгаа бөгөөд зэвт сумны хувьд залуучууд тэр бүр харваад байдаггүй туршлагатай харваачид л сум тавьдаг байна. Тэд 20, 30, 40, 50, 60, 75, 90 метрийн зайнд харвах бөгөөд нэг байндаа таван сум тавьж 15 оноо авах боломжтой. Нийт 35 сум тавьж хэдэн оноо авснаар байр эзлүүлнэ. 
Олон улсын тэмцээнд 20 метрт Америк харваа, 30 метрт Турк харваа, 40 метрт Унгарын үндэсний харваа болох хөдөлгөөнт байны харваа, 50 метрт Хятадын түнх харваа 60 метрт Японы бамбай харваа, 75 метрт Монголын зэвт сумны харваа, 90 метрт Солонгосын харваа явагддаг байна.
Манай тамирчид энэ жил БНСУ-д болох олон улсын уламжлалт харваа, Бразилд болох уламжлалт сур харвааны дэлхийн аваргын тэмцээнд оролцоно. Энэхүү улсын аваргын тэмцээнд оролцон шилдгээр шалгарсан харваачид хилийн чанадад болох дээр дурдсан тэмцээнийг зорих юм.
Д.Өлзий 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш