Манай хойд хөрш ОХУ олон жил буюу 18 жил хүчин чармайлт гаргасны эцэст Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ) 156 дахь гишүүн орон боллоо. ДХБ-ын захирал Паскал Ламигийн ярьж байгаагаар ОХУ уг байгууллагад элсэн орсноор бусад гишүүн орнуудтай худалдаа хийхэд илүү хялбар, эрх тэгш болж байна. Цаашлаад ОХУ худалдаа хийхдээ бусад түншүүдийнхээ эрх ашгийг бодолцож, хариуцлага хүлээх болж байна. Мөн Путины авторитар дэглэмд худалдаа эдийн засгийн шинэ салхи орж байгаагаараа давуу талтай байгаа юм байна. Оросын хувьд ч мөн гишүүн болсноор зөвхөн газрын тос, байгалийн хий, эрдэс баялаг зэрэг эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн бус өөр бусад олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой болж байна. Цаашлаад ОХУ олон улсын хариуцлагатай байгууллагад элссэнээр дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний экспортын монопол байдал багасч Оросын дотоод худалдаа зах зээлд ил тод байдал нэмэгдэн авлигал буурах сайн талтай юм байна. Гэхдээ Дэлхийн Худалдааны байгууллагад авлигын эсрэг хууль, заалт байдаггүй. Харин гишүүн улсууд өөрсдөө хэлэлцэж байгаад дүрмээ тогтоодог байна. Аргентин, ОХУ зэрэг улсууд дотоод зах зээлээ хамгаалахын тулд дотогш нэвтэрч байгаа өрсөлдөгч орнуудын бараа бүтээгдэхүүний импортод хориг тавьдаг. Тиймээс Дэлхийн Худалдааны байгууллага энэ байдлыг болиулах үүднээс ОХУ-ыг мөн гишүүн орон болохыг дэмжсэн юм байна. Ямартай ч олон жил олон улсын худалдаанаас гадуур явсан эрчим хүчний их гүрэн гэгддэг ОХУ Худалдааны байгууллагад гишүүнчлэлтэй болж, олон улсын хамтын дүрмийн дагуу худалдаа наймаа хийх боломжтой боллоо.
Shuum.mn
Shuum.mn