logo
Ленины нэрэмжит улсын фермд аюул учрах уу

Ленины нэрэмжит улсын фермд аюул учрах уу

2012/08/25
ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо 100 гаруй жилийн түүхтэй тариалангийн талбай байдаг. Энэ тариалангийн талбай нь Оросын Большевик хувьсгалыг удирдсан Владимир Ильич Ленины хамтралыг хөгжүүлэх анхны туршилт болж байсан аж. Тиймээс Ленины нэрэмжит улсын ферм гэсэн нэр авчээ. ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсээд байгаа. Гэсэн ч энэ мэдээ нь Оросын фермерүүдийн хувьд айдас болгоомжлол дагуулж байна. Учир нь Оросын фермерүүд бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх мөн дотоод хэрэгцээгээ хангах гэсэн сорилттой тулгараад байгаа юм. Социалист лагерь нуран унангуут Оросын автомашины үйлдвэрлэл барууны автомашины хөгжлийг гүйцэлгүй нуран унасан түүх давтагдах вий гэж болгоомжилж байна. Ленины нэрэмжит улсын фермийн дарга Павел Грудинины ярьж байгаагаар Социалист лагерь нуран унаснаас хойш Оросын олон ферм дампуурч хаагдсан. Тоо нь цөөрсөн. ОХУ хэдийгээр ДХБ-д элссэн ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник технологи хоцрогдсон. Фермийн аж ахуй эрхэлдэг компаниудын тоо багассан учир хүссэн ч хүсээгүй жимс ногооны хэрэглээ импортоос хараат хэвээр байна. Харин ч ДХБ-д элссэнээр импортоос хараат байдал улам нэмэгдэх хандлагатай болжээ. Павел Грудинины үзэж байгаагаар Оросын засаглал болон улс төрийн дээд төвшний авлига газар авсан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх техник, технологийн шинэчлэлт хийхэд садаа тушаа болж байгаа аж. Оросын дотоодын автомашины үйлдвэрлэл ч гэсэн зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэхэд хүнд болоод буй гэнэ. ОХУ ДХБ-д элссэнээр хөдөө аж ахуй, автомашины үйлдвэрлэл гэлтгүй бусад салбар ч гэсэн гадны бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж эхлэн нуран унах нь унаж, өрсөлдөөнд тэсч үлдэж чадсан нь цааш техник технологио шинэчлээд явах боломжтой болох нь. Дойче банкны эдийн засагч Ярослав Лиссоволикийн үзэж байгаагаар ДХБ-ын гишүүн болсноор уг байгууллагын шаардлага стандартын дагуу ОХУ-ын үйлдвэрлэл, ил тод байдал, үйлдвэрлэлийн худалдааны дүрэм журам сайжрах юм байна. Үйлдвэрлэлийн орчноо сайжруулж байж хөрөнгө оруулагчдыг татах боломжтой учир Оросын үйлдвэрлэгчид ДХБ-ын дүрмээр явах болж байна. Гэхдээ ДХБ-ын гишүүн болсноор Оросын газрын тос байгалийн хийниий экспортоос хамаарах хамаарал буурч өөр бусад салбарын экспорт нэмэгдэх сайн талтай гэж эдийн засагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл олон өөр төрлийн салбар цэцэглэн хөгжих, түүнийгээ дагаад үйлчилгээ чанар стандарт сайжрах нөхцөл бүрдэх юм байна. Ямартай ч ДХБ Оросуудад боломж гаргаж өглөө.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш